Дэлхий

Украиныг гишүүнээр элсүүлэхгүй байх Оросын уриалгыг NATO няцаав

Нийтэлсэн

Украин улсыг NATO-гийн гишүүнээр элсүүлэхгүй байхыг ОХУ-ын тал саяхан Өрнөдийн орнуудад уриалж байв.

2008 онд NATO албан ёсоор Гүрж, Украин улсуудад тодорхой нөхцөл шаардлагыг хангасан тохиолдолд тус байгууллагын гишүүнээр элсэх боломжийг нээж байгаагаа зарласан юм.

ОХУ-ын гадаад хэргийн яамны мэдэгдэлд “Европын аюулгүй байдлын суурь ашиг сонирхлыг хангах үүднээс Украин, Гүрж улсуудыг NATO-гийн гишүүнээр элсүүлэхийг дэмжсэн 2008 оны Бухарестын уулзалтын шийдвэрийг цуцлах хэрэгтэй” гэжээ.

Тэгвэл NATO-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбэрг өчигдөр Германы шинэ канцлер Олаф Шольцтой хийсэн хамтарсан хэвлэлийн хурлын үеэр “Украин, NATO-гийн харилцааг зөвхөн түүний 30 гишүүн улс болон Украины эрх баригчид л шийдэх ёстой. Өөрийн нөлөөллийн хүрээнд буй бусад улс орнуудыг хянах, юу хийж болох болохгүйг нь шийддэг системийг дахин тогтоох гэсэн Оросын оролдлогыг бид хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэж мэдэгдсэн байна.

ОХУ-ын цэрэг одоо Гүржээс салан тусгаарласан хоёр бүс нутагт байрлаж байгаа бол Москвагийн эрх баригчид Украинаас Крымийн хойгийг салгаж, Донбасын бүс нутагт өрнөж буй салан тусгаарлах дайныг далдуур дэмжиж байгаа.

Сүүлийн үед Оросын 100,000 орчим цэрэг Украины хилийн орчимд байрлаад байгаа нь дайн гарах эрсдэлийг нэмэгдүүлж байна.

Энэ долоо хоногт АНУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүд виртуал горимд уулзахдаа Украины асуудлаар хоёр цагийн турш хэлэлцсэн юм.

Ерөнхийлөгч Жо Байден энэ үеэр Украиныг эзлэн түрэмгийлэхийг оролдвол хатуу хариу арга хэмжээ авахаа ОХУ-ын ерөнхийлөгчид анхааруулсан бол Украиныг NATO-гийн цэрэг, зэвсгийн бааз болгохгүй байх баталгаа өгөхийг ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын төрийн тэргүүнээс шаардаж байв.

Лхагва гарагт Германы канцлераар томилогдоод NATO-гийн төв байранд анхны айлчлалаа хийсэн Олаф Шольц “Украиныг эзлэн түрэмгийлэх аливаа оролдлогын хариуд ОХУ улс төр, эдийн засгийн ноцтой үр дагавар амсах болно. NATO-гийн бүх гишүүд үүн дээр санал нэгдээд байна” гэж өчигдөр мэдэгджээ.

Хэрвээ Оросын цэрэг Украин руу халдвал “Умард Урсгал 2” байгалийн хий нийлүүлэх хоолойн ажиллагааг зогсоох амлалт өгөхийг NATO-гийн удирдлага Герман улсаас шаардаж байгаа.

Олаф Шольц одоохондоо энэ талаар ямар нэг амлалт өгөөгүй байна.

Украин, Гүрж улсуудын хувьд ойрын үед NATO-гийн гишүүнээр элсэх боломжгүй байгаа. Гэхдээ 2014 онд Крымийн хойгийг ОХУ эзэлснээс хойш АНУ болон түүний холбоотнууд Украины батлан хамгаалах чадварыг дээшлүүлэхэд нийт $2.5 тэрбумын тусламж үзүүлэхээр болсон юм.

Эх сурвалж: AFP

Exit mobile version