Улс төр

Элчин сайд Т.Жанабазар Норвегийн хаанд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Нийтэлсэн

Монгол Улсаас Норвегийн Хаант Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Жанабазар Норвегийн Цог Жавхлант Хаан Тавдугаар Харалдад энэ сарын 2-ны Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьжээ.

Ёслолын дараа болсон уулзалтын үеэр Элчин сайд Т.Жанабазар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Тавдугаар Харалдад уламжилж, Монгол-Норвегийн уламжлалт найрсаг харилцаа хоёр талын хүчин чармайлтаар улам бүр бэхэжнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Хаан Тавдугаар Харалд Монгол Улсын Ерөнхийлөгчид хариу мэндчилгээ уламжилж, шинээр томилогдсон Элчин сайд хоёр улсын найрамдалт харилцааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэж буйгаа мөн илэрхийлсэн байна.

Элчин Сайд Т.Жанабазар Норвегийн Хаант Улсад ажиллах үеэрээ тус улсын Гадаад хэргийн яамны орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга Торгеир Ларсен, Бүс нутгийн асуудал эрхэлсэн газрын захирал Кристин Энстад, Зүүн Ази, Далайн орнуудын хэлтсийн орлогч захирал Кристин Катрин Ёохансен, ахлах зөвлөх Ларс Борресен нартай тус тус уулзалт хийж, Монгол, Норвегийн улс төр, худалдаа эдийн засаг, соёл урлагийн харилцааг идэвхжүүлэх, хоёр улс дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг 2023 онд тэмдэглэх арга хэмжээний талаар санал солилцжээ.

Exit mobile version