Улаанбаатар

Улаанбаатарын хэмжээнд 2022 оны нэгдүгээр сарын нэгнээс 59 үйлчилгээг цахимд бүрэн шилжүүлнэ

Нийтэлсэн

Авлига, хүнд суртлыг арилгах, цахим шилжилттэй холбоотой Үндэсний хороо байгуулагдсан. Энэ чиглэлээр Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврын дагуу дүүргүүдийг шилэн кабельд холбох, өндөр хурдны интернэтийг нэвтрүүлэх, кибер аюулгүй байдалд онцгойлон анхаарах, иргэдэд олгож буй зөвшөөрлүүдийг цахимд шилжүүлэх ажил ямар түвшинд өрнөж байгааг холбогдох мэргэжилтнүүд танилцууллаа.

Нийслэлийн ерөнхий архитектор Ц.Тулга “Барилга байгууламжийн зөвшөөрлүүдийг цахимд шилжүүлэхтэй холбоотой асуудлыг судалж, санал боловсруулах Ажлын хэсэг байгуулагдсан. Ирэх оноос эхлэн барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, зураг төсөл батлах ажлыг цахимд шилжүүлэхээр зорьж байна. Ажлын хэсэг Барилга, хот байгуулалтын яамтай хамтран ажиллаж байгаа” гэв.

Нийслэл болон дүүргүүдээс нийтдээ 82 төрлийн зөвшөөрлийг иргэдэд олгодог. Эдгээрээс 59 төрлийн зөвшөөрөл болон үйлчилгээг цахимд шилжүүлэхээр бэлтгэлийг бүрэн хангажээ. Ингэснээр Улаанбаатар хотын хэмжээнд 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс нийтдээ 59 үйлчилгээг цахимд бүрэн шилжүүлэх юм байна.

Exit mobile version