Covid-19
Сүрьеэгийн эрт илрүүлгийн үзлэгт 1,040 сурагч, багш ажилчин хамрагдлаа
Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төслийн хүрээнд Эрүүл Сүрьеэгүй Ирээдүйн төлөө ТББ-аас Ерөнхий Боловсролын сургуулийн сурагчдын дунд сүрьеэгийн эрт илрүүлэг, хавьтлын шинжилгээ хийх ажлыг зохион байгуулж байгаа юм. Энэхүү компанит ажлыг ЭМЯ, ХӨСҮТ, СХД-ийн сүрьеэгийн диспансерууд дэмжин ажиллаж байна.
Өнгөрсөн хугацаанд сүрьеэгийн эрт илрүүлгийн үзлэгт нийт 3,000 гаруй сурагч хамрагджээ. Энэ удаагийн эрт илрүүлэг, хавьтлын үзлэгт Сонгинохайрхан дүүргийн ЕБС-ийн 1,040 сурагч, багш ажилчин хамрагдлаа.
Урьдчилан сэргийлэх зорилготой сүрьеэгийн эрт илрүүлэх үзлэгийн үр дүнд сүрьеэтэй байж болзошгүй дахин 30 тохиолдолд сорил тавив.
Мөн энэ үеэр коронавируст халдварын дараах шинж тэмдгийг илрүүлэх үзлэгийг давхар зохион байгуулж, нарийн мэргэжлийн эмч үзлэг хийж, зөвлөгөө, мэдээлэл өгчээ.
“Эрүүл сүрьеэгүй ирээдүйн төлөө” ТББ-ын тэргүүн, Клиникийн Профессор М.Тунсаг “СХД-ийн ЕБС-уудад сүрьеэ болон ковидын дараах шинж тэмдэг илрүүлэх үзлэгийг амжилттай зохион байгуулж байна. Тус дүүрэгт хүн ам, өвчлөл олонтой, алслагдмал байршилтай учир эмнэлгийн тусламж үйлчилгээг ойртуулах зорилгоор эрт илрүүлэх үзлэгийг хийж байна. Үзлэгийн дараа эмч нарын нэгдсэн дүгнэлт хийгдэнэ.
Эрт илрүүлэг үзлэгт 6-12 ангийн сурагчдыг хамруулж байна. Өнөөдрийн байдлаар нийт 4,000 гаруй сурагчийг үзлэгт хамруулсан. Мөн энэ удаагийн үзлэгээр 30 сурагчид сүрьеэгийн диспансераас сорил тавьж, баталгаажуулах шинжилгээнд хамрууллаа.
Дэмжин ажилласан ЕБС-уудын захиргаа, хамт олон, СХД-ийн сүрьеэгийн диспансер, сүрьеэгийн эмч, рентген техникч нар болон Монголын Сүрьеэтэй Тэмцэх Нийгэмлэгийн удирдлага, хамт олонд талархсанаа илэрхийлье” гэв.
Эх сурвалж: ЭМЯ