Нийгэм

ОБЕГ: Амиа алдсан алба хаагчид үүрэг өгсөн хэлтсийн дарга, ангийн захирагчийг ажлаас нь чөлөөлсөн

Нийтэлсэн

Талийгаач ОБЕГ-аас зохион байгуулж буй угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх нөлөөллийн аяны хүрээнд суурилуулсан самбар дээрх хэвлэлийн материалыг буулгаж байх явцдаа золгүйгээр амь насаа алджээ. Өөрөөр хэлбэл материал байрлуулсан самбар нь цагдаагийн байгууллагатай хамааралгүй, нөлөөллийн аяны сурталчилгааны зориулалттай материал  байсан аж. Мөн талийгаачийн ар гэрт буцалтгүй тусламж олгохоор ажиллаж байгаа гэдгийг ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян хэллээ.

Цагдаагийн байгууллагаас уг хэрэгт холбогдох албан тушаалтнуудад хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Одоогийн байдлаар тухайн үед үүрэг чиглэл өгсөн Онцгой байдлын хэлтсийн дарга болон Баянзүрх дүүргийн Онцгой байдлын 63-р ангийн захирагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Энэ талаар ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян “Онцгой байдлын байгууллага гамшгаас хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, хүн ардынхаа амь нас эрүүл мэнд, хүрээлэн буй орчны болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдлийн бууруулах, авран хамгаалах хариуцлагатай үүргийг гүйцэтгэдэг алба байгаа. Энэ хуулийн хүрээнд бид үүргээ гүйцэтгэхийн зэрэгцээ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр засгийн газар, УОК-оос гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, бүх шатны шуурхай штаб болон хяналтын постууд дээр үүрэг гүйцэтгэх гээд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт цаг наргүйгээр ажиллаж байгаа.

Онцгой байдлын байгууллагын ажил үүрэг хариуцлагатай байхын зэрэгцээ нөгөө талаасаа хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажилладаг. Манай албан хаагчдын ажлын онцлог байгаа. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт албан үүргээ гүйцэтгэхдээ шаардлагатай тохиолдолд хуулийн дагуу уртасгасан цагаар ажиллах зохицуулалттай.

Нийслэлийн хэмжээнд өвлийн улирал эхэлж байгаатай холбогдуулан галлагааны эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлж, ард иргэддээ хандсан угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, ахуйн гал түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хоёр үе шаттай нөлөөллийн аяныг хоёр сарын хугацаанд нутгийн захиргааны байгууллага, холбогдох байгууллагуудтай хамтарч зохион байгуулсан. Энэ нөлөөллийн аяны хүрээнд тодорхой үр дүн гарч байгаа.

Харамсалтай нь арванхоёрдугаар сарын 3-нд энэхүү аяны хүрээнд суурилуулсан Улиастайн эргэдэг уулзвар дээр байрлах самбар дээр байрлуулсан хэвлэлийн материалыг буулгах явцдаа Нийслэлийн Баянзүрх дүүргийн Онцгой байдлын 63-р ангийн алба хаагч золгүйгээр амь насаа алдсан.

Энэ самбар бол цагдаагийн байгууллагатай хамааралгүй. Сурталчилгааны зориулалттай самбар. Юуны өмнө онцгой байдлын байгууллагын удирдлага, нийт бие бүрэлдэхүүнийхээ нэрийн өмнөөс талийгаачийн гэргий болон ар гэрийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлж, уучлал хүсэж байна.

Үүнтэй холбоотой Монгол Улсын шадар сайдаас үүрэг чиглэл өгсний дагуу ОБЕГ-ын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газраас тухайн өдөр хяналт шалгалтын ажлыг зохион байгуулсан.

Мөн холбогдох албан тушаалтнуудад цагдаагийн байгууллагад хэрэг үүсгэн шалгаж байгаа. Мөрдөн байцаалтын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг олон нийтэд мэдээлэх боломжгүй.

Гэхдээ зарим нэг холбогдох албан тушаалтнуудад захиргааны шугамаар хариуцлага тооцож байж үйл ажиллагаагаа хэвийн явуулах гарцаагүй шаардлага байгаа учраас тухайн үед үүрэг чиглэл өгсөн Онцгой байдлын хэлтсийн дарга болон 63-р ангийн захирагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Мөн Нийслэлийн онцгой байдлын газрын даргад сахилгын шийтгэл ноогдуулсан. Самбар буулгах үед ажиллаж байсан алба хаагчид цагдаагийн байгууллагын шалгалтын эцсийн дүгнэлт гарах хүртэл албанаас нь түр хугацаагаар түдгэлзүүлсэн.

Гамшгаас хамгаалах хуулийн дагуу талийгаачийн ар гэрт нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоор ажиллаж байна” гэлээ.

Exit mobile version