Дэлхий

В.Путин: Орос, Хятадын харилцаа улс хоорондын хамтын ажиллагааны үлгэр дуурайлал

Нийтэлсэн

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Москва, Бээжингийн харилцаа нь XXI зууны улс хоорондын хамтын ажиллагааны үлгэр дуурайлал гэж мэдэгджээ. Тэрбээр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй хийсэн цахим уулзалтын үеэр тус хоёр улсын хүчин чармайлт, дэлхийн хэмжээний асуудлыг шийдвэрлэх хариуцлагатай хамтын хандлага олон улсын харилцааны тогтвортой байдлыг хангахад жинтэй хувь нэмэр оруулж байна гэж онцолжээ.

Ши Жиньпин ОХУ-ын тэргүүн В.Путинтэй Бээжингийн олимпын их наадмын үеэр биечлэн уулзахыг тэсэн ядан хүлээж буйгаа илэрхийлсэн байна.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаковын хэлснээр, талууд хоёр талын болон олон улсын харилцааны тулгамдсан асуудлуудыг хэлэлцжээ. Талууд “AUKUS” түншлэл нь цөмийн тэнцвэртэй байдлыг алдагдуулж буйд санал нэгдэж, бүс нутаг дахь хурцадмал байдлын түвшинг нэмэгдүүлж байна гэж онцолжээ.

В.Путин, Ши Жиньпин нар Афганистанд энхийг тогтоох үйл явцыг түргэтгэх, зэргэлдээх бүс нутгуудад тогтворгүй байдал бий болохоос урьдчилан сэргийлэх нь чухал болохыг онцолсон байна.

Ши Жиньпин эрчим хүчний салбарын уламжлалт хамтын ажиллагааг бэхжүүлэхийн сацуу цөмийн эрчим хүч, сэргээгдэх эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааны шинэ чиглэлийг судлах шаардлагатай гэж онцолжээ.

Талууд мөн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн орны дээд хэмжээний уулзалт зохион байгуулах тухай ОХУ-ын гаргасан санаачилгыг хэлэлцэж, ирэх онд багтаан зохион байгуулах шаардлагатай гэдэгт санал нэгджээ.

Цахим уулзалтын үеэр Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай хийсэн хэлэлцээний талаар мэдээлэл өгсөн байна.

Exit mobile version