Улс төр

МАН: Цар тахлын хуулийг ДОЛДУГААР САР ХҮРТЭЛ сунгах эсэхийг хэлэлцэж, дэмжжээ

Нийтэлсэн

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2021.12.20/ ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар гурван асуудал хэлэлцсэн байна. Энэ талаар тус намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийв.

Тэрбээр “Энэ удаагийн хурлаар Эдийн засгийн шинэ сэргэлтийн бодлогын талаар болон КОВИД-19-ийн хууль гэж бидний нэрлэдэг хуулийн сунгах тухай асуудлыг хэлэлцлээ. Мөн төрийн үйлчилгээний албан хаагчдын гэрээгээр ажиллуулах тухай хэлэлцсэн. МАН-ын 30 дахь Их хурлаас Эдийн засгийн шинэ сэргэлтийн бодлогыг танилцуулсан. Уг бодлогын бичиг баримтыг төрийн бодлого болгох эдийн засгийн дунд хугацаан хөтөлбөр болон түүнийг дагалдсан 20 орчим хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж, зарчмын хувьд дэмжлээ. Уг асуудлыг энэ долоо хоногт Засгийн газраар хэлэлцэнэ. Энэ хүрээнд 47 хуулийг хэлэлцэхээс эхний ээлжид 20 орчмыг нь УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн. Энэ нь голдуу тусгай зөвшөөрөл, худалдан авалттай холбоотой хуулиуд байгаа” гэв.

Түүнчлэн “Өмнө нь хоёр ч удаа сунгагдсан КОВИД-19-ийн хуулийг хэлэлцсэн. Энэ хуулийг зургаан сарын хугацаатай сунгах нь зүйтэй гэдэг шийдвэрийг бүлэг гаргасан. Учир нь, дэлхий нийтийн хэмжээнд цар тахал үргэлжилсэн хэвээр байна. КОВИД-ын хуулийн 2022 оны долдугаар сарын 1-н хүртэл сунгах шаардлагатай гэж үзсэн. Энэ ондоо багтаан хуулийг батална. Төрийн үйлчилгээний албан хаагчдыг гэрээгээр ажиллуулах болсныг албан хаагчид болон үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд эсэргүүцэж байгаа. Тиймээс энэ асуудлыг бүлгээр хэлэлцээд Засгийн газар төрийн үйлчилгээний албан хаагчдыг 2021 онд авсан цалин, урамшууллаас бууруулахгүйгээр шийдвэрлэх шаардлагатай гэж үзлээ” хэмээн тодотголоо.

Exit mobile version