Засгийн газар
ЗГ болон НҮБ-ын Хүүхдийн Сангийн 2021 онд хамтран хэрэгжүүлсэн ажлын үр дүнг танилцууллаа
Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн Сангийн 2021 онд хамтран хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүнг танилцууллаа.
НҮБ-ын Хүүхдийн Сангаас цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах, тэр дундаа КОВИД-ын эсрэг дархлаажуулалтын ажлыг дэмжихэд томоохон дэмжлэг үзүүлэн ажиллав. Япон улсын Засгийн газрын санхүүгийн дэмжлэгээр болон КОВАКС хөтөлбөрийн хүрээнд нийт 2,3 сая гаруй тун вакциныг оруулж ирэхийн сацуу бүх төрлийн вакцин хадгалах зориулалттай, олон улсын стандарт бүхий Вакцин биобэлдмэлийн үндэсний төв агуулахын барилгыг барьж хүлээлгэн өгсөн.
Түүнчлэн НҮБ-ын Хүүхдийн Сангаас хүчилтөрөгчийн аппарат, PCR тестийн төхөөрөмж зэрэг нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг хүлээлгэн өгснөөр олон мянган хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах боломжтой болсон.
НҮБ-ын Хүүхдийн Сангаас хүүхдийн эрхийг хангах, хамгаалах чиглэлээр дараах ажлуудыг Засгийн газар болон хамтрагч, донор байгууллагуудын хамтаар амжилттай хэрэгжүүлэв. Тухайлбал,
- Үндэсний Статистикийн хороотой хамтран цар тахлын үеийн хүүхэд, өрхийн нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөж буй талаар судалгаа хийж, холбогдох бодлого шийдвэрийг гаргах зорилгоор “Олон үзүүлэлтийн бүлгийн түүвэр судалгаанэмэх”-ийн 3-6-р үе шатуудыг зохион байгуулжээ. /Үр дүнг https://www.1212.mn/surveymn.aspx-с үзэх боломжтой/
- Баянзүрх дүүрэгт эрчим хүчний хэмнэлттэй, дотоод орчны агаарын чанарыг хангасан, олон улсын стандартын ариун цэврийн байгууламж болон иж бүрэн гал тогоо бүхий хоёр цэцэрлэгийн барилгыг гүйцэтгэн, хүлээлгэн өгөв.
- Эх, хүүхдийн эрүүл мэндийг агаарын бохирдлоос хамгаалах ажлын хүрээнд тус сангийн дэмжлэгээр Говь-Алтай, Баянхонгор аймгууд “Цэвэр агаар” үйл ажиллагааны төлөвлөгөө батлав.
- Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийн үнэлгээг хийж, үр дүн, зөвлөмжийг Засгийн газар хэлэлцэж, хүлээн авсан.
- Зайн сургалтыг дэмжих зорилгоор цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд зориулсан “Цахим аялал” интерактив видео контент болон “Эрдмийн долгион” аудио хичээлүүдийг бүтээж, хүүхдүүдэд хүргэв.
- Хичээл нээсэнтэй холбогдуулан 21 аймаг, 9 дүүргийн сургууль, цэцэрлэгт гар ариутгагч, тусгаарлах өрөөний эрүүл ахуйн багцыг хүргүүлж, эцэг эх, хүүхдүүдэд зориулсан урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын мэдээллийг түгээв.
- Монгол Улсын хүүхдийн илүүдэл жин, таргалалтын өнөөгийн байдалд өргөн хүрээний дүн шинжилгээ хийв.
- НҮБ-ын Хүүхдийн Сангийн сургалт, нөлөөллийн ажлын үр дүнд Олон Улсын Эмэгтэйчүүдийн Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын 10 гаруй гишүүн компани өөрийн үйл ажиллагаандаа хүүхдэд ээлтэй бодлого хэрэгжүүлэхээр болов.
- Сургуулийн орчинд сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, зөвлөгөө өгөх үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэв.
- Аймаг, дүүргүүдийг хүүхдэд ээлтэй болгох, орон нутгийн төсөвлөлт, төлөвлөгөөнд хүүхдийн асуудлыг нэн тэргүүнд тавих чадавхыг дээшлүүлэх ажлыг үргэлжлүүлэв.
Ирэх 2022 онд эмзэг бүлгийн хүүхдүүдийг боловсролд тэгш хамруулах, эрүүл мэнд, хамгааллын үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах дээр НҮБ-ын Хүүхдийн Сан Монгол Улсын Засгийн газрыг үргэлжлүүлэн дэмжиж ажиллана гэв.