Дэлхий
Японы шинжээчид: Мега газар хөдлөлт болбол 200 мянган хүн амиа алдана
Японы зүүн хойд эрэг орчмын далайн гүний хоёр сувгийн нэгт асар хүчтэй газар хөдлөлт болбол 200 мянга орчим хүн амиа алдах аюултай гэж Японы Засгийн газар мэдээлжээ.
Тус улсын Засгийн газрын дэргэдэх шинжээчдийн баг далайн гүний “Чишима” болон “Япон” сувагт газар хөдлөлт болбол ямар хохирол учрах талаар судалгаа хийж байна. Тэдний судалсан “Чишима” сувгийн нэг хэсэг Оросын Курилын арлуудаас Хоккайдо хүртэл үргэлжилдэг бол “Япон” суваг Хоккайдогоос Иватэ муж хүртэл үргэлжилдэг байна. Энэхүү судалгааг Японд 2011 онд болсон байгалийн гамшгийн дараа эхлүүлжээ.
Мягмар гарагт танилцуулсан тайлангаас үзвэл, хэрэв “Япон” суваг дагуу 9.1 магнитудын хүчтэй мега газар хөдлөлт болбол 10 м гаруй өндөр давлагаа Тохокү бүсийн хэсэг болон Хоккайдо арлыг нөмрөх гэнэ. Энэ тохиолдолд 199 мянга орчим хүн амиа алдаж, 220 мянган барилга, байшин бүрэн сүйрэх тооцоолол гарчээ.
Шинжээчдийн баг мөн “Чишима” суваг дагуу 9.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болбол ямар хохирол учирч болзошгүйг тооцоолжээ. Энэ тохиолдолд 20 м гаруй өндөр цүнами Хоккайдо арлын зүүн хэсгийг нөмөрч, улмаар 100 мянга гаруй хүн амиа алдаж, 84 мянга гаруй барилга, байгууламж үгүй болох тооцоолол гарчээ. “Япон” сувагт өвлийн цагт газар хөдөлбөл 42 мянган хүн хөлдөж үхэх аюул нүүрлэх бол мөн ийм гамшиг “Чишима” суваг дагуу гарвал 22 мянган хүн эрсдэлд орох гэнэ.
Тиймээс шинжээчдийн баг байгалийн гамшгийн эсрэг далайцтай арга хэмжээ авбал амиа алдаж болзошгүй хүний тоог 80 хувиар бууруулах боломжтой гэж үзэж байна. Тухайлбал, газар хөдөлснөөс хойш 10 минутын дотор ард иргэдийг тусгай хорогдох байр руу нүүлгэх шилжүүлэхэд бэлэн байх зэрэг арга хэмжээг санал болгож байна.