Дэлхий

Жой Байден оюутны зээлийн эргэн төлөлтийг дахин дөрвөн сараар хойшлууллаа

Нийтэлсэн

АНУ-ын Ерөнхийлөгч Жой Байден лхагва гаригт оюутны сургалтын төлбөрийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах хугацааг дахин дөрвөн сараар сунгах шийдвэр танилцууллаа.

Ингэснээр оюутны сургалтын төлбөрийн зээлийн эргэн төлөлтийг 2022 оны тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэл зогсоохоор болсон байна. Мөн оюутны зээл нь найдваргүй зээлийн бүртгэлд орсон иргэдээс өр барагдуулах ажлыг мөн дээрх хугацаанд зогсоох аж. Өмнөх журмын дагуу оюутнууд болон залуус 2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн сургалтын төлбөрийн зээлийн эргэн төлөлтөө хийж эхлэх байсан юм.

Тэгвэл Цагаан ордны тэргүүн Жой Байден энэ талаар “Цар тахлын дараах эдийн засгийн сэргэлт нь ажлын байрны өсөлтөөс удаан явагдана. Оюутны зээлтэй олон сая хүн цар тахлын нөлөөнд байсаар байна. Тэд зээлийн эргэн төлөлтөө үргэлжлүүлэн хийж эхлэхэд дахиад хэсэг хугацаа хэрэгтэй байгааг бид маш сайн ойлгож байгаа. Тиймээс дээрх шийдвэрийг гаргасан” гэжээ.

АНУ-ын хэвлэлүүдийн мэдээлснээр эдийн засаг сэргэж, шинээр бий болох ажлын байрууд өссөөр байгаа ч инфляцын өсөлт сүүлийн 30 жилийн хамгийн өндөр түвшинд хүрсэн. Үүнтэй зэрэгцэн Омикрон хувилбарын тархалт тус улсад цар тахлын шинэ давлагааг үүсгэх эрсдэл бий болгож, зарим муж дахин хөл хорио тогтоож болзошгүй тодорхойгүй байдал бий болсон нь зээлдэгч нарт зээлийн эргэн төлөлт хийхэд хүндрэл үүсгэж байгаа аж.

АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп 2020 оны гуравдугаар сард 2.2 их наяд ам.долларын хөтөлбөр бүхий Коронавирусийн тусламж, эдийн засгийн аюулгүй байдлын тухай хууль буюу “CARES Act”-ийг баталсан. Уг хуулийн хүрээнд 2020 оны наймдугаар сарыг дуустал ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулж байв. Тухайн үед ипотекийн зээлтэй иргэдийн 28 хувь нь энэхүү дэмжлэгт хамрагдсан гэх тоо гарч байжээ.

Харин 2020 оны наймдугаар сараас тодорхой шаардлага хангасан буюу цар тахлын шууд нөлөөгөөр орлого нь тасалдсан иргэдэд зээлийн эргэн төлөлтөө хойшлуулах боломжийг олгосон хэвээр байгаа юм. Өнгөрсөн сард хийсэн тооцоогоор ипотекийн зээлийн эргэн төлөлтөө түр зогсоосон зээлдэгчдийн тоо 835 мянга болж буурсан байна. Зээлийн эргэн төлөлтөө зогсоосон зээлдэгчдийн тоо 2021 оны аравдугаар сард 1.2 сая орчим байжээ.

Эх сурвалж: Associated Press, consumerfinance.org, whitehouse.org

Exit mobile version