Улс төр

Ковидын хуулиар Засгийн газар төсөв мөнгө захиран зарцуулах эрхээ буцаан авна

Нийтэлсэн

Засгийн газар Ковидын тахлын хууль буюу “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар чиглэл өгөх тухай” хуулийн хэрэгжилтийг зургаан сараар сунгах хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар болсон.

Ингэхдээ тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэг, 7.2 дугаар зүйлийг хүчингүй болгохоор тусгасан байна.

7.1.2.цар тахлын үед иргэний эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэмд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх зорилгоор жилийн батлагдсан төсвийн нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч хооронд, хөрөнгийн болон урсгал зардал хооронд төсвийн зохицуулалт хийх гэсэн заалт бий. Гэхдээ тус хуулийг хамгийн сүүлд буюу өнгөрсөн зургадугаар сард сунгахад гишүүд тус заалтыг эсэргүүцэн хуулийн төслөөс хасаж баталсан. Өөрөөр хэлбэл, Засгийн газарт өгөөд байсан төсөв, санхүү захиран зарцуулах эрхийг цуцалсан юм. Харин Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар тус заалтыг буцаан сэргээхээр хуулийн төсөлд тусгасан байна.

7.2.Энэ хуулийн 7.1.2-т заасан арга хэмжээг хэрэгжүүлэхэд Төсвийн тухай хууль болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасны дагуу тухайн жилийн төсөвт тодотгол хийх замаар Улсын Их Хурлаар шийдвэрлүүлнэ гэж заасан.

Сангийн сайд Б.Жавхлан “7.2 гэдэг заалт энэ хуулийг анх батлахад байсан. Энэ заалт бол төсвийн ерөнхийлөн захирагч нар шаардлага гарвал хөрөнгийн зардал, урсгал зардлаа хооронд нь зохицуулалт хийж болно гэсэн заалт энэ оны зургадугаар сарын 31 хүртэл үйлчилж ирсэн. Зургадугаар сард оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр 7.2 дахь заалтаар 7.1.2-т байгаа өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай бол төсвийн тодотголоор УИХ-д өргөн барьж, УИХ шийдвэрлэнэ гэсэн заалт байгаа. Ковидын хуулийг үнэхээр шаардлагатай гэж үзээд сунгаж байгаа бол төсөв мөнгөний эрхийг нь үргэлжлүүлье гэсэн санаа. Тэгээд 7.2 дахь заалтыг авчихаар анх байсан Засгийн газарт төсвийн эрх мэдлийг нэмж өгч байсан тэрийгээ хадгалж үлдье гэсэн үг. Ирэх жил нөхцөл байдал ямар байхыг, шинэ хувилбар ямар хүндрэл үүсгэх, хил хаагдсан хугацаа хэзээ хүртэл үргэлжлэхийг бид урьдчилж хэлэх боломжгүй байгаа учраас энэ эрхээ хадгалж үлдье гэсэн санаа байгаа юм” гэсэн юм.

Хэрвээ УИХ Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслийг өөрчлөхгүйгээр баталвал төсвийн ерөнхийлөн захирагч нар хөрөнгийн зардал, урсгал зардлаа хооронд нь зохицуулалт хийж болох буюу заавал УИХ-аар хэлэлцүүлэх шаардлагагүй болох юм.

Exit mobile version