Энтертайнмент
Өмнөд Солонгосын BTS хамтлагийн гурван гишүүн коронавирусийн халдвар авчээ
Өмнөд Солонгосын BTS хамтлагийн гишүүдээс коронавирусийн халдвар авсан хүний тоо гурав болсныг тус хамтлагийн менежмэнтийг хариуцдаг Big Hit Music агентлаг Бямба гарагт мэдээлжээ.
Баасан гарагт тус хамтлагийн гишүүн Сүга халдвар авсан нь тогтоогдсон юм. Тэгвэл Бямба гарагийн орой RM болон Жин нар нэмж өвчилсөн нь шинжилгээгээр тогтоогджээ.
Гурван гишүүн бүгд энэ оны наймдугаар сард вакцины хоёр дахь тундаа хамрагдсан юм байна.
K-pop урлагийг дэлхий нийтэд амжилттай дэлгэрүүлж буй BTS хамтлаг долоон гишүүнтэй юм. Халдвар авсан гишүүдээс Сүга, RM нарт халдварын шинж тэмдэг илрэхгүй байгаа бол Жин хөнгөн халуурч, гэртээ эмчлүүлж буйг агентлаг нь мэдээлжээ.
Хэсэг хугацаанд уран бүтээлээ завсарласан K-pop oдод АНУ-д хувийн зорилгоор зорчсоныхоо дараа эх орондоо саяхан буцаж ирцгээсэн юм. Тиймээс хамтлагийн гишүүд АНУ-д байхдаа халдвар авсан байж болзошгүй байна.
2013 онд байгуулагдсан BTS хамтлаг дэлхийн хөгжмийн зах зээлд хамгийн өндөр амжилт гаргасан K-pop уран бүтээлчид болоод байгаа.
2020 онд тус хамтлагийн дуунууд Billboard Hot 100 жагсаалтад гурван удаа тэргүүлж, нэр хүндтэй олон шагналыг хүртэж байв.
Эх сурвалж: Associated Press