Улс төр

ТОЙМЧИЙН ӨНЦӨГ: Дэн дун

Нийтэлсэн

Парламентын түүхэнд олон солгой, согтуу гишүүн байсан, харин УИХ-ын гишүүн Д.Ганбат шиг эрүүл хэрнээ “дэн дун” гишүүн байсангүй. УИХ-ын чуулганы хуралдаанаас эхлээд бүхий л хуралдаанд байр сууриа илэрхийлэх хачин дуртай ч зөв зүйл ярина гэж үгүй, байнга хадуурна. Энэ талаараа тэр од болсон хүн. Түүнд “дэн дун” гэх үг л зохицох хийгээд уг үгийг “Монгол хэлний их тайлбар толь”-иос харахаар “арай ядан, арай чүү, дэн дун, дээсэн дөрөөн дээр, дөнгөн данган, хаашаа ч болж мэдэх” гэсэн давхар, давхар утгыг илэрхийлдэг байна.

Тайлбар толины агуулгыг дагаж, Д.Ганбат гишүүний үгийг түүвэрлэн харахаар яах аргагүй “дэн дун” гэсэн үгийн ай савд өөрийн эрхгүй багтах аж.

Тэрбээр өнгөрөгч 2020 оны сонгуулиар өрсөлдөгчийнхөө эсрэг ном хэвлэн тарааж, бидон сав тараан байж “арай ядан” УИХ-д орж ирээд “арай чүү” гэж парламентад багтаж байгаа гишүүн. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудал байхгүй байсан бол аль эрт ажлаасаа хөөгдөх нөхөр. Ядахад УИХ дахь АН-ын гишүүд гэж нэгнээсээ ялгарах зүйлгүй нөхөд бүлгийнхээ дар­гаар томилоод хоймор залчихсан нь улам бүр “дэн дун” болгож байна.

Ёстой л “Мах барагдахаар богтос ахална” гэдэг энэ байх. Тэр УИХ-ын чуулганы болон бусад хуралдаан дээр тэс хөндлөн орж ирээд зогсохгүй, ямар ч утга учиргүй, ойлгомжгүй яриа өрнүүлж, гишүүдийн бүү хэл ард түмний цухлыг барна

Өнгөрөгч сард боловсролын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн арга хэмжээ тохиож, гишүүд энэ талаар яриа өрнүүлж, тус тусын мэнд хүргэж байхад Д.Ганбат гишүүн “Өнөөдөр боловсролын салбар үүссэн 100 жилийн ойн өдөр. Баяр хүргэе. Мөн дэлхийн синглчүүдийн өдрийн мэнд хүргэх ёстой. Монголын ганц биечүүддээ энэ өдрийн мэндийг хүргэе” хэмээж байгаагаас харвал “дээсэн дөрөөн дээр” байгаагаа шуудхан хэлж байна. Гэтэл манай улсад ганц бие хүмүүсийн өдрийг тэмдэглэдэггүй.

Харин Хятадад жил бүрийн арваннэгдүгээр сарын 11-нд  “Ганц бие хүмүүсийн өдөр ба ганцаардсан зүрх сэтгэлийн өдөр”-ийг тэмдэглэдэг бөгөөд энэ өдөр онлайн дэлгүүрүүд хэрэглэгчдэдээ томоохон хямдрал зарладаг тухай бид мэдээллээс харж байсан. Мань гишүүн энэ өдрийг хаа нэгтэйгээс сонссон учраас ийнхүү баяр хүргэсэн байх.

Монгол Улсад дархлаажуулалтын ажил хийгдэх яриа өрнөх үеэр гэнэт “Бид яагаад хямд өртөгтэй вакцин хийлгэж байгаа юм. Монгол Улс хүн ам цөөтэй байж яагаад Изриаль, Сингапур улс шиг байж болохгүй гэж. Би еврей хүн хийлгэж байгаа вакциныг хийлгэмээр байна” хэмээн хадуурч суугаа нь “дөнгөн данган” парламентад сууж байгааг л харуулсан хэрэг. Уг нь УИХ-ын чуулганаар өөр түвшний зүйл хэлэлцэж байсан ч тэр ийн хадуурна.

Энэ ч бүр дүүрчээ. УИХ-ын чуулганы хуралдаанаар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г хэлэлцэж байхад Д.Ганбат гишүүн “Коронавирусний халдвар орж ирээд бараг хоёр жил болчихлоо. Монгол Улсын ихэнх аймагт халдвар тарлаа, АН-ын засаглаж байгаа гурван аймагт л халдвар тархаагүй байна” хэмээн “хаашаа ч болж мэдэх” зүйл ярив.

Яахав, “Сайнтай муутай сав дүүрдэг”, “Уулын мод урттай богинотой” ч гэдэг дээ. Нэгэнт л баянхонгорчууд сонгосон учраас бүрэн эрхийнхээ хугацааг “дэн дун” өнгөрөөхөөс өөр гарцгүй. Бас чиг бүрэн эрхийн хугацаа дуусахад хоёр жил гаруйн хугацаа байна. Мань хүн мөн ч их “дэн дун” болох байх даа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Exit mobile version