Нийгэм

Ачааны хөлсийг 20-30 саяд хүргэсэн иргэдийг торгожээ

Нийтэлсэн

Хилээр нэвтрүүлэх ачаа, барааны тээвэрлэлтийн хөлсийг зохиомлоор нэмсэн иргэд, аж ахуй нэгжид Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хариуцлага тооцжээ. Эрээн боомтыг хааснаас болж, Эрээн-Замын-Үүд чиглэлийн тээврийн хөлс нэмэгдсээр байгаа. Хэдийгээр хил нээлттэй ч автозамын тээвэрлэлт хийхгүй байгаагаас ийнхүү үнэ нэмэгдсэн гэх тайлбарыг өгч буй юм. Хил хаахаас өмнө нь нэг машины тээвэрлэлтэд дөрвөн сая төгрөгийн хөлс төлдөг байсан бол өнгөрсөн дөрөвдүгээр сараас 20-30 сая төгрөг болж нэмэгдсэн байна. Харин наймдугаар сараас эхлэн тээврийн жолоочтой хариуцлагын гэрээ байгуулж дараалалд байгаа Эрээнээс Улаанбаатар хүртэлх тээвэрлэлтийн зардлыг 10 сая төгрөгөөс хэтрүүлэхгүй байх шийдвэрийг Засгийн газраас гаргасан.

Харамсалтай нь, урд хөршид Covid-19 халдварын тохиолдол батлагдсантай холбоотойгоор тээврийн зардал нэмэгдсээр байгаа аж. Тухайлбал, аравдугаар сард Эрээнд халдварын тохиолдол бүртгэгдэж, чингэлгээр ачааг тээвэрлэхээр болсон. Энэ нь тээвэрлэлтийн зардлыг дахин 20-30 сая хүртэлх төгрөгөөр нэмэгдүүлсэн байна.

Өмнө нь нэг машинд багтдаг байсан ачаа одоо 2-3 чингэлэгт багтахаар болжээ. Ингэснээр нэг метр куб ачааг 800-1000 юаниар ачдаг байсан бол одоо 1800-2000 юаниар ачиж байгаа юм. Энэ талаар ачаа бараа нь гацсан иргэд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргажээ.

Үүний дагуу ШӨХТГ хяналт шалгалтыг хийж ачаа барааны таталт дээр үнэ зохиомлоор нэмсэн иргэд, аж ахуй нэгжүүдийг торгосон байна. Тодруулбал, импортийн бараа бүтээгдэхүүн болох хүнсний ногоо буюу нарийн ногоо, жимс жимсгэнийг Эрээн хотоос Улаанбаатар хотын чиглэлд үнэ хөөрөгдөж 20-30 сая төгрөгөөр тээвэрлэсэн иргэн, аж ахуй эрхлэгчдийн 243 сая төгрөгийн хууль бус орлогыг хурааж, 38 сая төгрөгийн торгууль оногдуулжээ.

Exit mobile version