Засгийн газар

Х.Нямбаатар: Ирээдүйд 22 тэрбумын төгрөгийн өрийг Монголын Засгийн газарт үүсгэхгүй гэдгийг захидалдаа онцолсон байсан

Нийтэлсэн

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр Хууль зүйн, сайд Х.Нямбаатар хэлэхдээ: “Рио Тинто” болон “Туркойз хилл” компанийн гүйцэтгэх удирдлагаас албан бичиг ирүүлсэн. Тус захидалтай холбоотой асуудлыг өнөөдөр Засгийн газар хэлэлцсэн. Зарчмын хувьд дэмжээд УИХ-ын түр хороогоор хэлэлцүүлж УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах чиглэлээр Засгийн газраас хийж хэрэгжүүлсэн ажлын танилцуулгыг УИХ-д танилцуулах шийдвэрийг гаргалаа. Ажлын хэсгээс удаа дараа 34 хувийг тэглэх санал тавьсан. Өмнө нь 70 хувийг тэглэх саналыг ирүүлсэн. Энэ удаа 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэх санал ирүүлсэн. Энэ нь ирээдүйд 22 тэрбумын төгрөгийн өрийг Монголын Засгийн газарт үүсгэхгүй гэдгийг захидалдаа онцолсон байсан.

Дубайн гэрээ буюу далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг ямар нэгэн болзол нөхцөл тавихгүйгээр цуцлах саналыг хүлээж авсан. Далд уурхайн бүтээн байгуулалтын зардлын хэтрэлтийн талаар бид олон жил ярьсан. Зарим нь хардаж, шүүмжилж ирсэн. Монголын Засгийн газрын ажлын хэсгээс тавьсан далд уурхайн бүтээн байгуулалтын зардалд хөндлөнгийн аудит оруулах саналыг хүлээн зөвшөөрсөн. Гүний уурхайн ашиглалт, олборлолт эхлэх хугацааг 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт зардлыг хөрөнгө оруулагч тал өөрөө 100 хувь хариуцах санал гаргасан. Энэ босгосон мөнгө “Эрдэнэс Оюутолгой” компанид өр болж бичигдэхгүй гэдгийг онцолсон.

“Оюутолгой” ХХК-ны засаглалыг сайжруулах, гүний уурхайн төслийн хяналтыг сайжруулах арга хэмжээний зардлыг хариуцна гэсэн. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн борлуулалтаас тодорхой хэмжээний менежментийн төлбөрийг “Эрдэнэс Оюутолгой” компанид өгнө гэсэн үг. Та бүхэн санаж байгаа бол Засгийн газрын 92 дугаар тогтоолын тавдугаар зүйлд “Эрдэнэс Оюутолгой” компанийг чадавхжуулах” гэх заалт бий. Эцэст нь Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс Оюутолгой төсөл эрчим хүчээр хангах гэрээгээ байгуулахад бэлэн байна гэдгээ илэрхийлсэн. Ойролцоогоор 9 доллар 6 центээр 1 кВт өртгийг тогтож тогтвортой байдлын гэрээг байгуулж Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системээс Оюутолгойн төслийн эрчим хүчийг санхүүжүүлнэ. Энэ нь банкаас мөнгө босгох боломжтой гэрээ болсон гэдгээрээ ихээхэн онцлог. Ингэснээр бид Тавантолгойн эрчим хүчний станцын санхүүжилтийн зарим хэсгийг гаднаас босгох боломж бүрдэж байна. Засгийн газар дээрх саналуудыг хүлээж авч дэмжсэн.

Exit mobile version