Улс төр

НАМЗХ “ХУНТАЙЖ” НАРЫН ҮҮР УУРХАЙ БОЛЛОО

Нийтэлсэн

Монгол Ардын намын дэргэдэх залуучуудын байгууллага болох НАМЗХ 22 жилийн түүхтэй. Одоогийн МАН-ын удирдлага, лидерүүд ихэнх нь энэ холбоогоор дамжсан юм.

 

Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоог Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Дэд бүтцийн дэд сайд асан У.Уламбаяр тэргүүтэй залуус анх үүсгэн байгуулсан. Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны анхны ерөнхийлөгч байсан У.Хүрэлсүх Ерөнхий сайд, удаах Ерөнхийлөгч Г.Занданшатар УИХ-ын дарга, мөн ерөнхийлөгч нь байсан Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байгаа болохоор ямархуу түвшний залуусын байгууллага болох нь мэдэгдэнэ.

 

Сүүлийн үед нэр хүнд урьд өмнөхөөсөө илүү унасан. Учир нь энэ холбооны удирдлагад баян аавын мөнгөнд сагасан, амьдрал мэдэхгүй цагаан захтай залуус гарч ирснээр нийт залуучуудаас битгий хэл намын залуучуудаасаа холдож алсарсан. Л.Оюун-Эрдэнэ Америкт сурахаар явахдаа НАМЗХ-ын үүрэг гүйцэтгэгчээр Н.Номтойбаярыг томилчихоод явсан.

 

Энэ цагаас хойш НАМЗХ-эд ардын хүүхдүүд, ааваараа хөтлүүлж, аавынхаа мөнгөнд дулдуйдан улстөрд орж ирсэн баячуудын хүүхдүүд гэх хоёр бүлэг үүссэн. Ардын хүү, баячуудын хүүхдүүд хоорондоо ерөнхийлөгчийн суудлаа булаацалдаж, Ш.Отгонбилэг агсны хүү О.Содбилэг, Нямтайширийн хүү Номтойбаярын дэмжлэгтэйгээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан  Ганзоригийн хүү Г.Тэмүүлэн НАМЗХ-ны холбооны ерөнхийлөгчийн суудалд заларсан.  УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн хувьд “сахил хүртээд шал дордов” гэгч болж, НАМЗХ-ны 21 жилийн түүхэнд байхгүй унжгар, сул ерөнхийлөгч гэж шүүмжилдэг.

 

НАМЗХ унтаа юм шиг өнгөрүүлсэн ерөнхнихйлөгч Тэмүүлэнгийн дөрвөн жилийн хугацаа нь  дуусаж, оронд нь  УИХ-ын гишүүн Н.Учрал очлоо. Дэд ерөнхийлөгч нь Сү.Батболдын хүү Б.Баттүшиг. Ер нь МАН-ын ачаар эрх мэдэлд хүрсэн, хөрөнгөжсөн улстөрчдийн хүүхдүүд өнөөдөр улс төр дэх нэр, нөлөөгөө улам томруулахын тулд НАМЗХ-гоор дамжин намаа атгахаар улайрч байгаа гэлцэх юм билээ. Монголын төрийг цөөн хэдэн олигархиудын үр хүүхэд, өв залгамжлагчид  удирдах тогтолцоо бий болчихгүйн тулд залуус сонголтоо бодож хийх ёстой болов уу.

Exit mobile version