Нийгэм
С.Амарсайхан: Дүүжин тээвэр хэрэгжүүлэх төсөл цаашид үргэлжилнэ
Дүүжин тээврийн төслийг зогсоож байгаа гэх мэдээлэл яваад буй. Энэ талаар тухайн үеийн Нийслэлийн засаг даргаар ажиллаж байсан, Шадар сайд С.Амарсайхан мэдээллээ.
Тэрээр “Энэ төсөл цаашид үргэлжлэх ёстой. Зогсож байгаа гэж ойлгохгүй байна. Өмнө нь байгуулагдсан төслийн ажлын хэсэг, нэгж, зохион байгуулалтыг өөрчилж, шинэчилж байна гэж ойлгосон. Өмнө нь НИТХ-ын тогтоолоор батлагдаж байсан бол Сангийн яамны шийдвэрээр өөрчилж, яам Нийслэлтэй хамтран үргэлжлүүлнэ. Түүнээс биш Засгийн Газрын хурлаар хэлэлцээд баталсан зүйлийг зогсоохгүй.
Хамгийн зөв шийдвэрийн нэг энэ шүү дээ. Газар чөлөөлөлт бага, байгальд ээлтэй, сүүлийн үед дэлхийн олон хот энэхүү шийдлийг ашиглаж байна. Нийтийн тээврийн салбарт хийх шинэ хэд хэдэн шийдэл байгааг тодорхойлсон. Нэгдүгээрт, одоо байгаа автобуснуудад парк шинэчлэлийг хийж 1200 гаруй цахилгаан автобуснуудыг оруулж ирэх юм. Эхнийх нь туршилтаар явж байна. Хоёрдугаарт, Энхтайваны өргөн чөлөө, Яармаг чиглэл рүү цахилгаан соронзон галт тэргийн замтай болохоор ТЭЗҮ-г хийсэн. Гуравдугаарт, одоо яриад буй дүүжин тээвэр бөгөөд гэр хорооллоос төв рүү ороход дөхөм болж, авто замын түгжрэл буурах болно” гэлээ.