Нийгэм
ДЭМБ-аас 10 ширхэг эхо аппарат болон томуугийн эсрэг эмийн тусламж өглөө
ДЭМБ-ын зүгээс КОВИД-19 цар тахалтай тэмцэхэд зориулж Монгол Улсын эрүүл мэндийн байгууллагуудын оношилгоо, эмчилгээний хүчин чадлыг сайжруулахад дэмжлэг болгож тасралтгүй тусламж үзүүлсээр ирсэн.
2021 онд Монгол Улсад тохиолдсон Ковид19 цар тахлын томоохон давлагаануудыг давахад ДЭМБ зүгээс үзүүлсэн дэмжлэгүүд бодлого, төлөвлөлтийн дэмжлэг ба тоног төхөөрөмжийн дэмжлэгүүд маш чухал үүрэг гүйцэтгэсэн. Тэгвэл өнөөдөр зөөврийн хэт авиан оношилгооны 10 аппарат болон улирлын томуугаас үүдэлтэй эрүүл мэндийн салбарын ачааллыг бууруулахад дэмжлэг болох зорилгоор томуугийн эсрэг Тамифлю эмийг хүлээлгэн өглөө.
Уг зөөврийн хэт авиан оношилгооны аппарат нь хэрэглэхэд хялбар, өвчтөн хаана байхаас үл хамааран хэт авиан шинжилгээг хийх боломжтой, эмч нарт өвчтөнийг цаг алдалгүй оношлох, эмчлэх боломжийг бий болгох давуу талтай юм.
Цар тахлын үед тусламж үйлчилгээ нэн шаардлагатай байгаа өвчтөнүүдэд эмнэлгийн тусламжийг чанартай, цаг алдалгүй хүргэхийн тулд зөөврийн хэт авиан аппарат чухал ач холбогдолтой.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд ДЭМБ-д Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, COVID-19-ийн эсрэг хариу арга хэмжээг эрчимжүүлэх чиглэлээр тусламж дэмжлэгт талархаж буйгаа илэрхийлэв.
Энэхүү үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица болон бусад албаны төлөөлөл оролцлоо.