Эдийн засаг
Индонези нүүрсний экспортоо зогсоохоор болжээ
Индонезид дотоодын цахилгаан станцуудын нүүрсний нийлүүлэлт бага байгаа учраас цахилгаан тасалдах эрсдэл тулгараад байгаа аж. Тиймээс нэгдүгээр сараас эхлэн нүүрсний экспортоо зогсоохоор төлөвлөж буй талаар тус улсын Эрчим хүчний яамнаас өнгөрсөн бямба гарагт мэдэгдсэн байна.
Зүүн өмнөд Азийн тус улс эрчим хүчний нүүрсний экспортоороо дэлхийд дээгүүрт ордог бөгөөд 2020 онд 400 сая тонн орчим нүүрс экспортлосон байна.
Индонезийн эрчим хүчний нүүрсний томоохон импортлогч нь Хятад, Энэтхэг, Япон, Өмнөд Солонгос юм. Индонези нүүрсээ дотоодын зах зээлд хямд үнээр борлуулах (DMO) бодлого баримталдаг. Ингэснээр тус улсын жилд олборлож буй нийт нүүрсний 25 хувийг дангаараа бүрдүүлдэг Перусахан Листрик Негара (PLN) төрийн өмчит компани нэг тонн нүүрсийг дээд тал нь 70 ам.доллароор буюу одоогийн зах зээлийн ханшаас хамаагүй доогуур үнээр дотоодын зах зээлдээ борлуулж байгаа юм.
Перусахан Листрик Негарагийн ашигт малтмал, нүүрс хариуцсан захирал Ридван Жамалудин “Хэрвээ нүүрсний экспортыг зогсоохгүй бол 10850 мегаваттын хүчин чадалтай 20 орчим цахилгаан станц ажиллахгүй болно” гэжээ.
Индонезийн Эрчим хүчний яамны мэдэгдэлд дурдсанаар “Хэрэв стратегийн арга хэмжээ авахгүй бол цахилгаан тасалдахад хүрнэ. Зөвхөн томоохон хотууд төдийгүй нэлээд өргөн хүрээг хамрахаар байна” гэжээ.
Ридваны хэлснээр энэ сарын 5-наас хойш нүүрсний экспортоо зогсоох юм байна. “Bank Mandiri”-гийн шинжээч Ахмад Зухди Дви Кусума “Энэ хориг нь ирэх долоо хоногоос эхлэн зах зээл дээрх нүүрсний үнийг өсгөх нь гарцаагүй тул Индонезоос нүүрс импортлогчид Орос, Австрали, Монгол руу хандаж магадгүй. Дэлхий дахин тодорхойгүй байдлын дунд зах зээл хамгийн найдвартай түншүүдийг хайж байдаг” гэжээ.
Өвлийн улирал үргэлжилж байгаатай холбогдуулан бохир түлшний дэлхийн хамгийн том хэрэглэгч эрчим хүчний системээ тасалдахгүйг улайран зүтгэхтэй зэрэгцэн Хятадын нүүрсний импорт 2021 оны арваннэгдүгээр сард хамгийн дээд түвшиндээ хүрсэн. Үүнтэй холбоотойгоор Бээжин уурхайчдадаа үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийг үүрэг болгосон.
2021 оны наймдугаар сард Индонез өнгөрсөн оны 1-7 дугаар сарын хооронд дотоодын зах зээлээ нүүрсээр хангах үүргээ биелүүлээгүй 34 нүүрсний уурхайн экспортыг зогсоосон. Индонез нь дэлхийн хамгийн том хүлэмжийн хий ялгаруулагч 10 орны нэг бөгөөд нүүрсээр эрчим хүчний эх үүсвэрийнхээ 60 орчим хувийг бүрдүүлдэг. Нөгөөтэйгүүр дэлхийн улс орнууд хүлэмжийн хийг хязгаарлах гэж оролдож буй энэ үед БНХАУ нүүрсний дэлхийн хамгийн том станц буюу ердөө нэг блок нь 1000 мегаваттын хүчин чадалтай станцыг барьж дуусгаад байна.
ӨМӨЗО-ны баруун хойд нутгийн нүүрсээр баялаг Ордос хотод байрлах уг станц нь зүүн эргийн Шаньдун мужийг эрчим хүчээр хангах зорилготой юм. Олон улсын эрчим хүчний агентлагийн энэ сард нийтэлсэн тайланд Хятад дэлхийн нүүрсний эрчим хүчний үйлдвэрлэлийн талаас илүү хувийг эзэлж байгаа бөгөөд тус улсын нүүрсний үйлдвэрлэл 2021 онд өмнөх оны мөн үеэс есөн хувиар өсөх төлөвтэй байна.
Бээжин нүүрсний хэрэглээгээ бууруулна гэж амласан ч 2025 оноос хойш л бодитоор бууруулахаар байгаа бөгөөд ирэх дөрвөн жилд хүчин чадлаа нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарч байна. Хятадын Төрийн сүлжээ корпорацын судлаачдын энэ сард нийтэлсэн тайланд, эрчим хүчний аюулгүй байдлыг хангахын тулд тус улс 2021-2025 онд нүүрсээр ажиллалаг цахилгаан станцаа 1230-д хүргэнэ гэдгээ онцолжээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН