Эдийн засаг

ЭМД-ийн шинэчлэл эрүүл амьдрах эрхийг НОЦТОЙ ЗӨРЧИЖ БАЙНА

Нийтэлсэн

-Эмнэлгүүд ЭМД-аа зургаан жилээр шаардан, иргэдийг бухимдуулж байна-

Эрүүл мэндийн салбарын үйлчилгээ хүртээмж иргэдийг бухимдуулж байна. Эмнэлэгт үзүүлэхэд цахимаар цаг бичүүлж авдаг болсон нь иргэдийн ачааллыг багасгасан гэх боловч нэдэр дээрээ нөхцөл байдал дээрдсэн юмгүй байв. Мөн эрүүл мэндийн даатгалын шинэчлэл иргэдийн эрүүл амьдрах эрхийг зөрчиж байна. Эмнэлгийн байгууллагад үйлчлүүлэхээс эхлээд эмнэлэгт хэвтэх хүртэл эгэл жирийн иргэн бид ямархан асуудал бэрхшээл туулж буй талаар энэ удаагийн сурвалжилгаараа хүргэе.


НЭГ САР ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛАА ТӨЛӨӨГҮЙ БОЛ УЛСЫН ЭМНЭЛЭГТ ХЭВТСЭН Ч
ЭМЧИЛГЭЭНИЙ БҮХ ЗАРДЛАА ИРГЭН ТӨЛНӨ

Хүн ямар төмрөөр бүтсэн биш дээ нэг л өдөр өвдөнө. Дүүргийн эмнэлэгтээ цаг авах гэхээр сарын дараа цаг гарна гэх. Шүд зуун тэсэж бүтэн сар хүлээсний эцэст нэг юм эмнэлгийн бараа харна даа. Толгой эргэм урт дарааллыг арайхийж даваад яг л товлосон цагтаа үзүүлэхгүй бол сарын хүлээлт талаар болох нь тэр. Тиймээс давсаг чинэсэн ч гүрийгээд, толгой эргэсэн ч мачийгаад сууж байх ёстой. Жаргаж цэнгээд л эмнэлэгт хандав гэж дээ.

“За яасан, юу чинь өвдөөд байгаа юм” гэсэн хүйтэн хөндий царайтай, загнаж төвөгшөөсөн дуутай эмч угтах. Анх өвдөж байсан өвчин зовуурь нь сарын хооронд илааршдаг ч юм уу, ужгирдаг ч юм уу “нам” болчихно. “Зүгээр л байна шүү дээ. Очер дараалал ихтэй байхад ямбаллаа” гээд хөөгдөх нь шахуу гарна. Сайхан зантай эмч таарвал ёс болгож шинжилгээ өгөх, эход харуулах бичиг “гардуулбал” та тэнгэрийн умдаг атгалаа л гэсэн үг. Нөгөөхөө бариад шинжилгээгээ өгөх гэтэл өдөржин дугаарласаар нэгэнт үд дунд хэвийж байх тул маргааш дахин ирэхээс өөр аргагүйд хүрнэ.

Маргаашийн мандах нарнаас урьтаж ирэхэд дүүргийн эмнэлэгт маналзсан их хүнтэй байх нь жирийн үзэгдэл ээ. Үүдний хувцас өлгүүрийн газраас эхлээд цаг бичдэг хүлээн авах, шинжилгээ өгөх цэгүүдэд тэсвэр тэвчээрийн туйлаа үзнэ дээ. Эход харуулахаар ийшээ ч үзүүл, тийшээ ч харуул гээд эхнээс нь дахиад л цаг авах үйл лайтай ажил эхэлнэ. Энэ бүхнийг эс нуршин дахин нэг өдөр өнгөрөхөд шинжилгээний хариугаа 13А маягттайгаа аваад хэвтэх эмнэлэг рүүгээ харайлгалаа гэж бодъё. Бүх юм санаснаар бүтэх юм шиг хөнжил гудасны даавуугаа хэдэн хувцастайгаа бөндийлгөөд, аяга халбага, ачлуур савантайгаа баадагнаад гарна даа. Гэтэл жинхэнэ бэрхшээл тэндээс эхэлнэ шүү дээ. Дүүргийн эмнэлэг минь харин ч дүүрэн сайхан үйлчилжээ гэж халагламаар.

Хэдэн тор юмаа чирээд л энд ч нэг, тэнд ч нэг  гүйж байж сая учрыг ухвал улсын эмнэлэгт хэвтэхийн тулд эрүүл мэндийн даатгалын тухай хууль шинэчлэгдэж сүүлийн зургаан жил даатгалаа тасралтгүй төлсөн байх ёстой гэсэн хатуу заалттай болсныг мэдэв. Өөрөөр хэлбэл 2016 оноос хойш 2021 он хүртэл эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлөлт нэг л сар дутуу бол хөнгөлөлттэй эм бичүүлэх, хэвтэн эмчлүүлэх боломжгүй болжээ. Энэ тухай мэдсэн иргэд бухимдаж дор бүрнээ шуугиж байв.

Иргэн А “Би сүүлийн таван жил улсад ажилласан. Ганц ч удаа эмнэлгийн тусламж авч байгаагүй. Энэ жил яах аргагүй бие өвдөөд хэвтэх болчихоод иртэл ийм хууль өөдөөс ярьж байна. Биднийг харьяа эмнэлгээрээ үйлчлүүлээд явж байхад хэн ч энэ тухай сануулж хэлээгүй. Хөдөө орон нутгаас шууд хэвтэх гээд иртэл шимтгэл маань нэг жил дутуу гээд буцаалаа. Одоо би хаачих вэ. Шууд хэвтэнэ гэвэл эмчилгээний зардал болох 500 мянган төгрөг төлж хэвт гэлээ” хэмээн учирлаж байлаа. Эрүүл аюулгүй амьдрах наад захын хүний эрхийг зөрчсөн эл заалтаа эргэн харахгүй бол иргэд аргаа барж байна. Хоногийн хоолоо яая гэж байгаа айл өрх олон. Гэтэл эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлөх чадвартай нь хэд билээ. Хүүхдээ тэжээх гэж хөр цасан дээр даарч зогсоод өвдсөн бол тэд яах вэ. Ач буянтай эмч нартаа л хандана шүү дээ. Төмөр нүүртэй төр засаг шигээ төмөр зүрх гаргасан энэ хайруу хуулийн заалтад хэчнээн хүн бүдэрч өвчтэй биеэ дааж ядан буцаж байгаа бол. Дараагийн хөндөх асуудал бол эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх тухай юм. Дээс томж найзыгаа аврах үлгэр шиг дэнжигнэсэн, тодорхойгүй систем дунд нь гацаж, галзуурахад ганц хуруу дутуу иргэд ч олон байлаа.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛАА ЦАХИМААР ТӨЛӨХИЙН ТУЛД ИРГЭД ХЭДЭН ӨДӨР ХҮЛЭЭЖ БАЙНА
Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснөөр иргэд  амбулаторийн эмчилгээ, өдрийн эмчилгээ, хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ, сэргээн засах тусламж үйлчилгээ, яаралтай тусламж, түргэн тусламж, оношилгоо, шинжилгээ, эмийн үнийн хөнгөлөлт зэрэг 13 төрлийн тусламж, үйлчилгээ авах эрхтэй. Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг жилээр нь тооцвол 2016 онд 46080, 2017 онд 57600, 2018 онд 28800, 2019 онд 38400, 2020 онд 50400, 2021 онд 50400 төгрөг тус тус төлөх учиртай.

Иргэд emd.gov.mn систем рүү регистрийн дугаараа хийж ороод эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн, төлөөгүйгээ харах боломжтой. Гэвч тэнд нь зарим онууд огт гарч ирэхгүй байлаа. Мөн Edaatgal аппликэшнээр шимтгэлээ төлөх гэвэл бүртгүүлээд мөн л 24 цаг хүлээх болно. 24 цагийн дараа нэвтрэх нэр, нууц кодтойгоо ирэх ёстой боловч 24 өдөр хүлээлээ гэсэн хүн ч байлаа. Нэвтрэх нэрээ аваад шимтгэлээ төлсөн иргэдэд мөн л цаашаа шивэгдэж орох өдрийг хоног тоолон хүлээх хэрэг гарна. Энэ нь хэдэн ч өдөр болж болзошгүй. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим хуудсанд ирсэн гомдол саналууд үүнийг батална.

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлсөн ч шивэлт нь ороогүй бол улсын эмнэлэг хүлээж авахгүй. Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс дээр иргэд шимтгэл төлөлт 2016, 2017, 2018 он нь огт харагдахгүй, гарч ирэхгүй байна гэсэн гомдлыг тавьж байв. Иргэд дээрх онуудаа шүүлгээд шимтгэлээ төлөхөөр зорьж ирсэн боловч төлсөн үгүй нь ч харагдахгүй байгаа нь системийн алдаа юу, сэтгэл дутсаных уу. Яахаа мэдэхээ байж гайхшаа барсан иргэд хаана хандахаа ч мэдэхгүй арга мухардав. Зарим нь өрхийн эмнэлэг дээрээ очиж шүүлгэхээс гээд гарч одлоо. Цэнхэр дэвтэртэй байхад ядаж хэдэн оны, хэдэн сарыг бөглөснөө харчихаж болдог байсан бол цахим даатгалтай болсноор төвөгтэй асуудал ийнхүү үүсжээ.

Сүүлийн үед төрийн байгууллагын бүх үйлчилгээг цахим болголоо, хөнгөвчиллөө, хурдасгалаа гэдэг болсон боловч бодит дүр төрх иймэрхүү л байна.

Иргэн Д “Би улсын эмнэлэгт хэвтэх гээд иртэл таван сарын шимтгэл төлөөгүй гэж гарсан. Тэрийгээ төлөх гэж юм юм л боллоо. Аппликэшнээр төлсөн боловч цаанаа шивэгдсэн нь гарч ирэхгүй гурван өдөр хүлээж байна. Ингэсээр байтал 13А маягтынх нь хүчинтэй хугацаа дуусах нь. Дахиад дүүргээр явж хэвтэх бичиг авна гэхээс яс хавталзаж байна. Над шиг хөнгөн өвдсөн бол ч яая гэх вэ. Яаралтай мэс засалд орох, хүнд өвчтэй хүн эмнэлэгт ирвэл яах болж байна. Хуульд зааснаар нэг сарын чинь шимтгэл дутуу байна гээд буцаах уу. Хүн ёсноос гажсан, хүнлэг бус энэ хуулиа болиосой гэж төр засагтаа уламжилмаар байна” гэж уурсаж байлаа.

Үнэхээр л юу юугүй төрөх гээд ирж буй хөл хүнд эхэд мөн л энэ хуулиа ярьсаар зогсох уу. Систем нь алдаа заагаад гацчихсан, бодит байдалд нийцэмгүй бохир хуулийн завхралаа эргэж харна уу Эрүүл мэндийн сайд аа.

А.СҮЛЕНА

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Exit mobile version