Улс төр

Н.Алтанхуяг: МАН-ынхан суганы үсээ СЕХ-ны даргаар томилсон

Нийтэлсэн

УИХ-ын чуулган хуралдаж эхэллээ. Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлэв.

-УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

-Дээд шүүх О.Цогтгэрэлийг АН-ын даргаар бүртгэхгүй гэсэн. АН-ын асуудалд Ардын нам оролцож байна. Би та бүхнийг бүгд оролцсон гэхгүй. Мөнгөтэй бүлэглэл нь Улсын дээд шүүхэд нөлөөлж, АН-аар тоглож байна. АН-ын даргаар О.Цогтгэрэлийг бүртгэхгүй гэсэн атал Үндэсний бодлогын хороог нь хууль бус гэж үзээгүй. Дээд шүүхийн шийдвэрийг худлаа бичээд явуулдаг, хэрэгт холбогдож байсан шүүгч нар бий. Хулгайч, дээрэмчдээсээ салмаар байна. БЗД-ийн Засаг даргын орлогчийн ажил хийж чадахгүй суганы үсийг СЕХ-ны даргаар томилсон. Ардын намынхан одоо боль.

-УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:

-Сонгууль өнгөрөөд хоёр дахь жил рүүгээ явж байна. Төрийн багана болсон АН, МАН хоёр өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хүчин чармайлт гаргасаар ирсэн. Гэтэл АН хоёр даргатай, хоёр тамгатай болсон тул цэг тавихыг төрийн эрх барих дээд байгууллага, АН-ын гишүүд дэмжигчид харж байгаа. Өнөөдөр АН хоёр тамгатай болсноор дотроо хагаралдах нөхцөл байдал үүссэн. АН-ын бүлэг өөрийнхөө удирдлагыг сольсон тухай бичиг өгөөд, хоёр сар болж байгаа. Энэ асуудлыг УИХ-ын дарга өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд шийдэх ёстой.

Ийнхүү Ш.Адьшаа гишүүнийг байр сууриа илэрхийлж байхад УИХ-ын дарга Г.Занданшатар үгийг нь тасалж, “УИХ-ын дарга УИХ-ын дотоод зохион байгуулалтыг хийдэг болохоос сөрөг хүчний бүлгийн дарга хэн байхыг шийдэхгүй” гэсэн үгээр сануулга өглөө.

Үүний дараа Ж.Батсуурь гишүүн Ш.Адьшаа гишүүний үгийг үргэлжлүүлэх гэсэн боловч УИХ-ын дарга хэлэлцэх асуудлын дараалалтай холбоотой үг хэлэх боломжтойг сануулаад, хуралдааныг эхлүүллээ.

Exit mobile version