Нийгэм
Нэг малыг эдгээхийн тулд нийтийн хүнсээ хордуулсаар байх уу!
Өвлийг өнтэй давахыг хүсэх малчдад зуд болох вий гэх айдсаас гадна шүлхийг хэрхэн даван туулах асуудал нэмэгдсэн. Дэлхийн хэмжээнд хүн, малын халдварт өвчин үүсгэдэг 2,500 орчим бичил биетэн бий. Үүнээс малаас хүнд халдварладаг 600 гаруй төрлийн өвчин үүсгэгч байдаг ажээ. Харин манай улсын хувьд 100 гаруй төрлийн малын өвчин бүртгэгдсэн байдаг. Үүний нэг бол шүлхий өвчин юм. Шүлхий өвчний хувьд малаас хүнд халдварладаггүй хэдий ч эдийн засгийн хувьд хохирол их дагуулдаг.
Хөдөө аж ахуй эрхэлдэг улсын хувьд малаас гарч болох бүхий л түүхий эдийг ашиглах боломжгүй болно. Тэр дундаа малын түүхий эдийн экспорт зогсонги байдалд ордог. Цар тахлаас улбаалж экспорт, импортын томоохон хөдөлгөөн хумигдсан. Тэгэхээр малын түүхий эдийн экспортын талаарх яриа хэсэгтээ мартагдаж байна. Харин дотооддоо арьс шир боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаа эрчимжих магадлал их байгаа юм.
Өнгөрсөн жил орон нутагт тархсан малын шүлхий өвчний гаралт буурсангүй.
Шүлхий өвчнөөс сэргийлэхийн тулд орон нутгийн хамаарал бүхий байгууллагууд хэд хэдэн арга хэмжээг аван ажиллаж байгаа. Жишээлбэл, эрсдэл бүхий голомтын бүсэд хязгаарлалтын дэглэм, хөл хорио тогтоож, мал сүргийг эрүүлжүүлэх, вакцинжуулах гэх мэт. Харамсалтай нь шүлхийгээс айх орон нутгийн иргэдийн хувьд мэргэжлийн хүний зөвлөгөөг дагахгүйгээр дур мэдэн антибиотик малдаа өгөх нь нэмэгдсэн байна.
Тэр дундаа малчдын дунд “Цагаан тариа” шүлхийн эсрэг үр дүнтэй гэх дам яриа гарсантай шууд хамааралтай байгаа юм. Өдгөө 16 аймгийн 100 гаруй суманд дамжин тархаж буй шүлхийгээс байгаа өв хөрөнгөө хамгаалах гэсэн малчдыг буруутгах аргагүй. Малаа эмчлэх болон урьдчилан сэргийлэхийн тулд антибиотик өгөх болсон нь малын мах хүнс бус хор болох нөлөөг нэмэгдүүлж байгаа юм. Манай улсын иргэд эмчийн зөвлөгөөгүйгээр эмийг дур мэдэн, хэтрүүлэн хэрэглэдэг байсан. Энэ удаад малдаа сайн гэсэн бүхнийг дур мэдэн өгснөөр хүнсээ шууд хордуулж буй хэрэг.
Шүлхийн вакцин хийлгэсэн малын бүтээгдэхүүнийг нэг сарын хугацаанд хэрэглэхийг хориглодог. Вакцингүй байлаа ч эдгэсэн гэх малын махыг шууд хүнсэндээ хэрэглэж болох эсэх нь ч эргэлзээтэй.
Учир нь өнөөдрийг хүртэл дэлхий дахинаа шүлхий өвчнийг ялан дийлэх арга зам хоёр л бий. Нэгдүгээрт, шүлхий өвчин тусахаас өмнө малаа вакцинжуулах. Хоёрдугаарт, шүлхийтэй малаа устгалд оруулах юм. Нэг ёсондоо шүлхий туссан малыг эдгээнэ гэдэг уг халдварыг багасгах бус нэмэх эрсдэл нь илүү өндөр байгааг илтгэж байна. Бодоод үзье л дээ. Тухайн малыг эмчлэх хугацаанд бусад хэчнээн малд халдвар тараах эрсдэлтэйг. Нэг малыг эдгээх хугацаанд бусад хэчнээн малд халдвар тараах боломжтой бол.
Монгол Улсын бүхий л нутаг дэвсгэрт шүлхий тархсан байхад эрүүл махыг өвлийн идэшдээ хэрэглэж байгаа эсэх нь тодорхойгүй байна. Малын маханд тухайн аймгаас бичиг гаргаж өгч байгаа боловч малчид дур мэдэн хэр их антибиотикийг малдаа өгдөг нь тодорхойгүй. Ингээд үзвэл дан ганц шүлхий өвчнөөс болж малын эрүүл мах гэх ойлголт эргэлзээтэй болж байгаа юм. Товчхондоо эрүүл хүнс хэрэглэх нөхцөл манай улсад багассаар байна.
Н.АНУЖИН