Дэлхий
Саудын Арабын гүнж гурван жилийн дараа шоронгоос суллагджээ
Саудын Арабын гүнж охины хамт гурван жил орчим хоригдсоны эцэст чанга дэглэмтэй шоронгоос суллагдсан талаар эх сурвалж мэдээлжээ. Гүнж Басма бинт Сауд 2019 оны гуравдугаар сард Швейцарь руу эмчлүүлэхээр нисэх гэж байгаад саатуулагдсан юм.
Түүнийг охин Сухудынх нь хамт ямар шалтгаанаар хорьж саатуулсан нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байдаг бөгөөд ямар нэгэн гэмт хэрэгт буруутгаагүй байна. Зарим хүмүүс Басмаг хорьсон нь хүмүүнлэгийн болон үндсэн хуулийн шинэчлэлийн асуудлаар өмгөөллийн ажил хийсэнтэй нь холбоотой байж магадгүй гэж таамаглаж буй юм байна.
Гүнжийн гэр бүлийнхэн 2020 онд НҮБ-д бичгээр мэдэгдэл хийхдээ түүнийг хорьж саатуулсан нь “хүчирхийллийг илэн далангүй шүүмжлэгч байсантай нь холбоотой” гэж мэдээлснийг AFP агентлаг уламжилжээ.
Бусад дэмжигчдийн хувьд гүнжийг гэрийн хорионд буй угсаа залгамжлах хунтайж асан Мохаммед бин Найефтай ойр дотно холбоотой гэж үздэг талаар мэдээлсэн байна.
Өдгөө 57 настай гүнж Басма өнгөрсөн дөрөвдүгээр сард Саудын Арабын хаан Салман болон угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман нарт хандан, ямар ч гэм буруутай үйлдэл хийгээгүй, эрүүл мэндээрээ хохирч байгаагаа дуулгаад, суллаж өгөхийг хүсчээ.
Гүнж 2019 онд хоригдохоосоо өмнө гадаадад ямар эмчилгээ хийлгэж байсан нь тодорхойгүй хэвээр байгаа юм.
Хүний эрхийн төлөөх ALQST байгууллага гүнжийн суллагдсан тухай мэдээллийг твиттер хуудастаа жиргэж, түүнийг “Нийслэлийн захын Аль-Хайр шоронд байх хугацаандаа амь насанд нь аюул учирч болзошгүй нөхцөл байдал үүссэн ч шаардлагатай эмнэлгийн тусламж авахаас татгалзсан” гэж мэдэгджээ.
Саудын Арабын эрхийн төлөөх тус байгууллага “Цагдан хоригдож байх хугацаанд нь гүнжид ямар нэгэн ял тулгаж байгаагүй” гэж нэмж мэдээлсэн байна.
Басма гүнж нь Саудын Арабыг 1953-1964 оны хооронд захирч байсан Саудын хааны бага охин юм.
Эх сурвалж: BBC