Covid-19
Т.Баярхүү: Манайд “Омикрон”-ы давлагаа эхэлж байна
УОК цаг үеийн асуудлаар өнөөдөр /2020.01.10/ хуралдаж, гаргасан шийдвэрүүдээ яг одоо /18 цаг 50 мин/танилцуулж байна.
Улсын Онцгой комиссын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү “Эрүүл мэндийн сайд дотоодод “Омикрон” хувилбарын хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн талаар өчигдөр мэдээлсэн.
Засгийн газар, УОК аль болох хөл хорио, хязгаарлалт тогтоохгүй байх байрь суурьтай байгаа. Тиймээс өнөөдрийн хурлаар хөл хорио тогтоох шийдвэр гараагүй.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд вакцины хоёрдугаар тунд 66.6 хувь, гуравдугаар тунд нийт хүн амын 28.8 хувь нь хамрагдсан байна. Сайн дурын үндсэн дээр гуравдугаар тунд хамрагдаад, гурван сар өнгөрсөн бол дөрөв дэх тунд хамрагдаж болох ЭМ-ийн сайдын тушаал гарсан. Өнгөрсөн 7 хоногоос эхлээд 2000 гаруй хүн дөрөвдүгээр тунд хамрагдаад явж байна.
Манай улсад томуу болон томуу төст өвчний вирус эргэлтэд орж, амбулаториор үйлчлүүлж байгаа хүмүүсийн дунд энэ өвчний халдвар өндөр байна.
Үүнтэй зэрэгцэн ковидын “Омикрон” хувилбарын дэгдэлт эхэлж байна. Үндсэндээ ковидын дөрөв дэх давлагаа буюу “Омикрон” хувилбарын давлагаа эхэлж байна. Эрдэмтэн, судлаачдын тооцоолол болон холбогдох мэргэжлийн байгууллагуудын судалгаагаар 2022 оны нэгдүгээр сарын 20-ноос хоёрдугаар сарын 10-ны үед халдварын оргил үе манай улсад тохиодоно гэж үзэж байгаа.
Халдварын оргил үед багадаа 18 мянга, цаашлаад 20 мянга орчим халдвар өдөрт бүртгэгдэнэ гэсэн тооцоо, судалгаа байна.
Ер нь “Омикрон” хувилбар анх гарах үед вакцины үйлчлэл, нөлөөлөл тодорхойгүй байсан бол өнөөдрийн хугацаанд вакцин үйлчилж байгаа нь тодорхой болсон. Вакцин хийлгэсэн болон өвдөөд эдгэрсний дараа вакцин хийлгэсэн хүмүүс “Омикрон”-ы тохиолдолд хөнгөн өвдөж, хүндрэл, нас баралтаас хамгаалагдаж байна. Нэмэлт тунгийн ач холбогдол маш өндөр үр дүнтэй байгааг олон улс орны эрдэмтэн, судлаачдын хийж байгаа судалгаа, тооцоо баталж байна.