Эдийн засаг

Өнөөдөр чингэлэг тээвэр эхэлнэ

Нийтэлсэн

Эрээн хотын удирдлагуудаас тавьсан шаардлагын дагуу тэг цэг байгуулж, чингэлэг тээврээр ачаа бараагаа оруулж ирэхээр болсон ч халдвар хамгааллын дэглэм алдагдах эрсдэл өндөр байна гэж Хятадын тал үзсэн. Иймд чингэлэг тээврийг түр хугацаагаар зогсоогоод байсан тул манай талаас төрийн тусгай чиг үүрэг гүйцэтгэж байгаа байгууллагын жолооч нарыг тусгаарлан ажиллуулахаар болжээ. Ингэхдээ тусгаарлах зардал, шатахууны үнэ, том оврын автомашины түрээсийн зардлыг Засгийн газар хариуцах шийдвэр гаргажээ. Төрийн тусгай чиг үүрэг гүйцэтгэж байгаа байгууллагын жолооч нар тэг цэгээс Замын-Үүд хүртэл үнэгүй тээвэр хийх аж. Уг ажлыг өнөөдрөөс эхлүүлнэ гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдэгдсэн билээ.

 

Тэрбээр “БНХАУ-ын Эрээн хотын Гаалийн хашаанд бүх төрлийн бараа бүтээгдэхүүн оруулах боломжтой болсон. Тэнд байгаа бараа бүтээгдэхүүнийг Хятад улсын “Сино Транс” гэдэг компани тээвэр хийх эрх авсан юм билээ. Тус компанийн жолооч нар чингэлэгтэй бараагаа тэг цэг дээр авчирж өгнө. Тэг цэгээс манай 7000 жолооч тээвэрлэлт хийхээр төлөвлөж байсан ч эдгээр жолоочийн нэг нь ч КОВИД-19 тусахгүй байх гэсэн шаардлагыг Хятадын тал тавьж байгаа. Хэрэв халдвар гарахгүй бол байнга бараа бүтээгдэхүүнээр хангах нөхцөл тавьсан. Эдгээр жолоочийн нэг нь ч КОВИД-19 тусахгүй гэсэн баталгаа байхгүй. Тиймээс Засгийн газрын зүгээс төрийн тусгай чиг үүрэг гүйцэтгэж байгаа байгууллагын жолооч тусгай албан хаагчдийг тусгаарлалтад байлгаж, тэг цэгээс Замын-Үүд хүртэл тээвэр хийх шийдвэр гаргасан.

 

Замын-Үүдээс 7000 жолооч үнэ ханшийн доод хязгаараар уралдаж, тээвэр хийх боломжтой. Өөрөөр хэлбэл үнэ ханшийг тогтвортой байлгах үүднээс Засгийн газрын хийж байгаа ажлын нэг нь энэ юм. Нийт 7000 хүний халдвар хамгааллыг сахиулж чадахгүй учраас 200 жолооч бэлдсэн. 100 жолооч нь 14 хоног ажиллаад, наашаа ирээд тусгаарлагдаж байгаад дараагийн 14 хоног ажиллана. Чингэлэг зөөх том оврын автомашин түрээслэх, тэр хүмүүсийг тусгаарлах, нааш цааш нь зөөх шатахууны зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргаж байгаа” гэв.

Exit mobile version