Эдийн засаг

Б.Лхагвасүрэн: Зээлийн дундаж хүү жилийн 14.5 хувь болж буурсан

Нийтэлсэн

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн (2022.01.11) хуралдаанаар “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо.

“Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” тогтоолын хэрэгжилтийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцууллаа. Тэрээр “Стратегийг хэрэгжүүлэхээр холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцсон ажлын хэсэг ажилласан. Ажлын үр дүнд хүү тасралтгүй буурч, тодорхой түвшинд хүрээд байна. 2021 оны эцсийн байдлаар зээлийн дундаж хүү стратеги батлагдсан үетэй харьцуулахад 2.5 нэгж хувиар, өнгөрсөн оныхоо мөн үетэй харьцуулахад 1.3 нэгж хувиар тус тус буурсан.

Өнөөдрийн байдлаар жилийн 14.5 хувьд хүрлээ. Стратеги хэрэгжүүлэх төлөвлөгөөний дагуу 2023 оны эцэст сарын 1 хувь буюу жилийн 12 хувьд хүрэх зорилт бий. Энэ бол дундаж хүү. Хэрвээ Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бусад хөтөлбөрийн зээлийн хүүг үүнд оруулж тооцвол дундаж хүү 13.8 хувь буюу сарын 1.15 хувьд хүрч буурсан” гэв.

Exit mobile version