CRI Монгол радио

Хожигдож ирсэн нөхөн олговор

Нийтэлсэн

“Байнгын хоригдол” гэгддэг Абу Зубейдад олгох ёстой нөхөн төлбөрийг нь гурван жилээр хожимдуулж олгосон явдал сүүлийн үе олон улсад шуугиан тарьж, энэ хүн дахиад олны анхаарлын төвд оров. 2018 онд Европын хүний эрхийн шүүх шийдвэр гаргаж, Америкийн Тагнуулын төв газар Абу Зубейда гэх хүнийг өөрийнх нь нутагт байрлах “хар шорон”-д байрлуулахыг Литвийн засгийн газар зөвшөөрсөн явдал нь эрүү шүүлт хэрэглэхийг хориглосон Европын хууль тогтоомжийг зөрчсөн болохоор Абу Зубейдад 100 мянган еврогийн нөхөн олговор төлөхийг Литвийн засгийн газраас шаардсан юм. Тэгвэл Литвийн засгийн газар энэхүү нөхөн олговрыг гурван жил хойшлуулж, саяхан төлөх болсноо мэдэгдсэн байна.

Энэхүү нөхөн төлбөр нь Литвийн засгийн газар “муу хүнд тус хийж”, хүний эрхийг зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрснийг харуулж байгаа бөгөөд энэ нь үнэндээ Америкийн хилийн чанад дахь хар шоронгийн сүлжээний маш жижигхэн нэг хэсэг юм. 2001 онд болсон “9.11”-ийн үйл явдлын дараа Америк хилийн чанадад нууц шорон байгуулж, алан хядах ажиллагааны сэжигтнүүд гэгдэх хүмүүсийг саатуулж, хэргийг нь хүлээлгэхийн тулд эрүүдэн шүүлт явуулж байсан. Палестин иргэн Абу Зубейда бол даруй тэдний нэг юм.

Сүүлийн 20 жилийн турш Абу Зубейда Литвийн нууц шорон, Кубийн Гуантанамо шорон зэрэг Америкийн Тагнуулын төв газрын хилийн чанадад байгуулсан хар шоронд өдөр хоногийг нөгчөөж, янз бүрийн эрүүдэн шүүлтэд чадан ядан тэвчиж иржээ. Америк түүнийг “Аль Кайда” бүлэглэлтэй холбоотой гэдэг боловч энэ тухай ямар ч нотлох баримт гаргаж ирээгүй юм. Абу Зубейда 2011 онд Европын хүний эрхийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Тэгвэл Америкийн “хар шоронгууд” нь тус орны дур зоригоороо баривчилгаа явуулах, эрүүдэн шүүлт хийх зэрэг хүний эрхийн эсрэг ажилласных нь тодоос тод “хар толбо” гэж хэлж болно.

Литвийн Засгийн газар энэ удаад Вашингтоны захиалгаар Абу Зубейдад нөхөн олговрыг нь төлсөн хэмээн шинжээч үзэж байна. Олон улсын дарамт шахалт дор Америк энэ асуудлыг аль болох хурдан дарахыг хүсэж байгаа нь ойлгомжтой. Их Британийн “Гардиан” сонины мэдээлснээр 100 мянган еврогийн нөхөн олговор нэгэнт Абу Зубейдагийн банкны дансанд шилжиж орсон байна. Гэвч Абу Зубейда өнөө Гуантанамод хоригдож байгаа бөгөөд Америкийн засгийн газар түүний бүх хөрөнгийг битүүмжилж царцаасан болохоор тэрээр үнэндээ эдгээр мөнгийг ашиглах ямар ч боломжгүй гэсэн үг юм.

Абу Зубейдатай адилхан өнгөрөлттэй Гуантанамогийн хоригдлууд цөөн биш. НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс томилогдсон бие даасан шинжээч “Энд авчирсан олон зуун хүнийг системтэйгээр эрүүдэн шүүх болон бусад балмад хэрцгий, хүнлэг бус, гутаан доромжлолд өртөж байсан” гэж тэмдэглэсэн байдаг. НҮБ-ын статистик мэдээгээр, 2003 онд Гуантанамо 700 хоригдолтой байсан бөгөөд өнөөдрийг хүртэл 39 хоригдол байсаар байгаа ч тэдний зөвхөн ес нь яллагдагчаар татагдан ял оноож, 13-ыг нь шилжүүлэхийг зөвшөөрсөн байна. 2002-2021 оны хооронд есөн хоригдол нас барж, хоёр нь байгалийн шалтгаанаар, долоо нь амиа хорлосон байна. Есөн хүний хэн нь ч яллагдагчаар татагдаж, ял сонсоогүй юм.

Exit mobile version