Улс төр
Ч.Өнөрбаяр: Монгол Улс 130-140 УИХ-ын гишүүнтэй болох ёстой
Монгол Улсад ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой өнөөдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан С.Эрдэнэ даргатай АН-аас Ч.Өнөрбаяр, Б.Гарамгайбаатар нар мэдээлэл хийлээ.
С.Эрдэнэ даргатай АН-ын ЕНБД Ч.Өнөрбаяр:
-Үндсэн хуулийг дээдлэх гэдэг бол зөвхөн Төрийн ордонд залах биш. Ерөнхийлөгч болоод тангараг өргөдөг зүйл биш. Ардчилсан Үндсэн хуультай байна гэдэг бол УИХ-ын гишүүн болоод тангараг өргөхдөө ширээн дээр тавьдаг хэрэгсэл биш. Энэ бол төрийн өндөр албан тушаалтнууд алхам тутамдаа сахиж байдаг Монголын ард түмний оюуны өмч юм. Үндсэн хуулийг тогтоогч нь Монголын ард түмэн байдаг тухай тов тодорхой заасан байдаг. Харамсалтай нь Үндсэн хуулийг дээдлэх ёс алдагдаж байна. Хуулийг үгүйсгэх байдал газар авсан. Нэг нам дангаараа ноёлсон үед Үндсэн хууль тунхаг болж үлддэг юм байна. Засгийн газрыг хянадаг УИХ гэдэг бол тунхаг болж үлддэг юм байна. Ерөнхийлөгч намаасаа түдгэлздэг Үндэсний эв нэгдлийг илэрхийлдэг гэх нэрийн доор намдаа шигдээстэй байдаг юм байна. Ардчилсан Үндсэн хуультай явна гэх юм бол парламентад суудалтай улстөрийн намуудын бодит хүчний харьцаан дээр оршин тогтнох юм байна. Үүний тулд сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх ёстой.
Өнөөдөр хэдхэн хүн амтай сум руу зам тавьдаг, орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүн нь тойрогтоо мөнгө хуваарилдаг жалга довны улстөрөөс Монгол Улс гарахгүй бол урагш алхахгүй. Дээр нь Монгол Улсын парламент бол давжаа парламент юм. 1992 онд ардчилсан Үндсэн хуулийг баталж байхад хүн амын тоо 2 сая орчим, сонгуулийн насны иргэн 1,3 сая байсан. Өнөөдөр Монгол Улсын иргэний тоо 3 сая гарч, сонгуулийн насны иргэний тоо 2,3 саяд хүрсэн. Парламентын гишүүний тоог хэн нэгэн хүн тэнгэр харж байгаад тавьдаггүй. 1992 онд бодож байсан аргачлалаар парламентын гишүүдийн тоог тогтоох юм бол өнөөдөр 102 орчим гишүүнтэй байх ёстой юм билээ. Дэлхий нийтийн жишгээр харах юм бол 130-140 орчим байх ёстой.
Монгол Улс бол том хоёр хөршийн дунд хавчуулагдсан тул улсынхаа тусгаар тогтнолын баталгааг парламент гэж үзвэл давжаа биш чадвартай байх ёстой. УИХ-ын гишүүнийг дарга гэж төсөөлөөд байдаг. УИХ-ын гишүүн бол ард түмний илч, нийт иргэдийн ашиг сонирхлыг төлөөлдөг. Өнөөдөр дарга нарын тоог ярих гэж байгаа бол улсын үйлдвэрийн газруудыг цөөлж, яамдуудаа цөөлөх ёстой. Төр нь өөрөө аж ахуй нэгжтэйгээ уралдаад бизнес хийгээд байж таарахгүй.
Энэ олон яамыг нэг байшинд оруулж болно. Асуудлыг ухаалгаар шийдэх маш олон боломж байгааг олж харах ёстой.