Нийгэм
Монгол Улс нүүрстөрөгчийн бохирдол экспортлогч орнуудын жагсаалтад 8-рт бичигдэж байна
Монгол Улс 2019 оны байдлаар дэлхийн нийт нүүрсний экспортын 2.6 хувийг бүрдүүлсэн үзүүлэлттэй байгаа. Түүнчлэн нүүрстөрөгчийн бохирдол экспортлогч орнуудын жагсаалтад багтаж байна. Тиймээс дэлхий дахинд өрнөж буй “Net-zero” зорилтод хүрэх, тус зорилтын Монголын гадаад худалдаанд үзүүлж болзошгүй сөрөг үр дагаврыг бууруулах стратеги боловсруулан ажиллах нь эдийн засгийн тэргүүлэх салбар болох уул уурхайн салбарын үйл ажиллагаа, гадаад худалдааны өрсөлдөх чадварыг дэмжихэд тусална гэдгийг судлаачид онцолж байна.
Тоон мэдээлэл нь бүртгэгдсэн нийт 116 орноос 25 нь нүүрстөрөгчийн бохирдол экспортлогч оронд тооцогдож байгаа бөгөөд Монгол улс дэлхийд 8 дугаар байрт жагсаж байна. Өөрөөр хэлбэл хөгжсөн орнуудад хэлэлцэгдэж буй нүүрстөрөгчийн бохирдолтой холбогдох нэмэлт тарифын арга хэмжээ болох “Carbon border adjustment” биеллээ олбол Монгол Улс нүүрсний экспортын хувьд өрсөлдөх чадвар сулрах эрсдэлтэй. Тиймээс бусад улс орнуудын туршлага, судалгааны байгууллагуудын зөвлөмжид үндэслэн Монгол Улс холбогдох арга хэмжээнүүдийг авах шаардлагатай болохыг Д.Ган-Очир, Ж.Энхбаяр нарын судлаачид судалгаандаа онцолжээ.