Эдийн засаг

Улс орнууд яагаад Хятадын өрийн хавханд ороод байна вэ!

Нийтэлсэн

Хятадын ядуу буурай орнуудад олгож буй зээл нь  шүүмжлэлд өртөж, Бээжинг дэлхийн улс орнуудыг  өрийн дарамтад оруулдаг хэмээн бууртгадаг. Гэхдээ  Хятад үүнийг няцааж, барууны зарим улс нэр хүндийг нь гутаах зорилгоор худал мэдээлэл тараадаг хэмээдэг билээ. Хятад бол дэлхийн хамгийн том зээлдэгч орнуудын нэг юм.

Тус улсын бага болон дунд орлоготой орнуудад олгосон зээл нь сүүлийн арван жилийн хугацаанд гурав дахин өсөж, 2020 оны эцэс гэхэд 170 тэрбум ам.долларт (125 тэрбум фунт стерлинг) хүрсэн байна. Гэсэн хэдий ч Хятадын олгосон зээл дээр дурдсанаас  хамаагүй их байх магадлалтай аж.

АНУ-ын Уильям ба Мэри их сургуулийн олон улсын хөгжлийн байгууллага болох “AidData”-гийн  хийсэн судалгаагаар Хятад хөгжиж буй орнуудад олгосон зээлийнхээ тал хувийг өрийн албан ёсны статистикаа оруулдаггүй болох нь тогтоогджээ. “AidData”-гийн мэдээлснээр бага, дунд орлоготой 40 гаруй улсын  БНХАУ-д төлөх  өр нь тэдний ДНБ-ийнх нь 10 гаруй хувийг эзэлж байгаа аж. Жибути, Лаос, Замби, Киргиз зэрэг улс Хятадад жилийн ДНБ-ийхээ 20-иос доошгүй хувьтай тэнцэх хэмжээний өртэй.

БНХАУ-д төлөх өрийн ихэнх хэсэг нь Ши Жиньпиний  “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд хэрэгжиж буй авто болон төмөр зам, боомт зэрэг дэд бүтцийн томоохон төслүүд, уул уурхай, эрчим хүчний салбартай холбоотой. Их Британийн гадаад тагнуулын MI6 агентлагийн дарга Ричард Мур ВВС-д өгсөн ярилцлагадаа Хятад  бусад улс оронд нөлөө үзүүлэхийн тулд өрийн урхийг ашигладаг гэж мэдэгджээ.

Хятадыг шүүмжлэгчдийн байнга дурддаг нэг жишээ бол Хамбантота боомтоо алдсан Шри Ланка юм. 2017 онд Шри Ланка Хятадад төлөх ёстой өрийнхөө оронд  төрийн өмчит “China Merchants” компанид боомтын хяналтын 70 хувийг 99 жилийн хугацаатай түрээслүүлэхээр тохиролцсон. Хятадын Шри Ланк дахь эдийн засгийн оролцоо сүүлийн 10 жилд өссөн бөгөөд үүнийг бүс нутаг дахь улс төрийн амбийцаа ахиулах зорилгоор ашиглаж магадгүй гэсэн болгоомжлол байгаа юм.

 

ХЯТАДЫН ЗЭЭЛИЙГ БУСАДТАЙ ОРНЫХТОЙ ХАРЬЦУУЛАХАД

 

“AidData” болон бусад судлаачийн судалсан олон зуун судалгаанаас харахад Хятадын төрийн өмчит зээлдүүлэгчид зээлээ төлж чадаагүй тохиолдолд барьцаа хөрөнгийг нь  хураан авдаг тохиолдол бүртгэгдээгүй байна. БНХАУ гадаад зээлийнхээ бүртгэлийг нийтэлдэггүй бөгөөд ихэнх гэрээ нь зээлдэгч агуулгыг нь илчлэхээс сэргийлж, задруулахгүй байх заалттай байдаг аж. Олон улсын зээлийн гэрээний хувьд ийм нууцлалыг хадгалах нь түгээмэл байдаг.

Лондоны Хатан Мэригийн их сургуулийн профессор Ли Жонс “Олон улсын арилжааны зээлд нууцлалын гэрээ маш түгээмэл байдаг” гэдгийг онцолжээ. Аж үйлдвэржсэн томоохон улс орнуудын олонх нь Парисын клуб гэгддэг гишүүнчлэлээр дамжуулан зээлийн үйл ажиллагааныхаа мэдээллийг хуваалцдаг. Хятад улс энэ бүлэгт багтдаггүй байна. Харин Дэлхийн банкны мэдээллээс үзэхэд Хятадын олгож буй зээлийн хэмжээ бусад улсынхтай  харьцуулахад хурдацтай өсөж  байгаа нь  тодорхой харагдаж байгаа юм.

 

ХЯТАДЫН ЗЭЭЛ ӨНДӨР ХҮҮТЭЙ

 

Хятад улс барууны орнуудаас илүү өндөр хүүтэй зээл олгодог. БНХАУ ойролцоогоор дөрвөн хувийн хүүтэй  зээл олгодог бөгөөд зах зээлийн хүүтэй ойролцоо боловч  Дэлхийн банк болон Франц, Германыхаас дөрөв дахин өндөр байгаа юм. Хятадын зээлийн эргэн төлөлтийн хугацаа ерөнхийдөө богино буюу 10 жилээс бага байдаг бол бусад зээлдүүлэгчдийн хөгжиж буй орнуудад олгодог хөнгөлөлттэй зээлийн хугацаа  28 орчим жил байдаг. Түүнчлэн Хятадын төрийн өмчит зээлдүүлэгчид зээлдэгчээс оффшор дансанд бэлэн мөнгөний үлдэгдэлтэй байхыг шаарддаг.

“AidData”-гийн Гүйцэтгэх захирал Брэд Паркс “Хэрэв зээлдэгч өрөө төлж чадахгүй бол БНХАУ оффшор данснаас нь  мөнгө авч болно. Харин  барууны зээлдүүлэгчдийн олгосон зээлд ийм хандлага ховор байдаг. Одоогийн байдлаар “Их-20”-ийн орнууд буюу хамгийн том, хамгийн хурдацтай хөгжиж буй эдийн засагтай орнуудаас ядуу буурай орнуудад цар тахлын нөлөөг даван туулахад нь туслах зорилгоор зээлийн хөнгөлөлт үзүүлэх санаачилга гарч байгаа. Хятад улс үүнд нэгдэж, төлөвлөгөөнд оролцож буй олон тэрбумын өр цайруулснаас гадна эргэн төлөх хугацааг нь сунгаж, хувь нэмэр оруулсан” гэжээ. Дэлхийн банкнаас мэдээлснээр 2020 оны тавдугаар сараас хойш энэ схемийн дагуу “Их-20”-ийн орнууд нийт 10.3 тэрбум гаруй ам.долларын өр цайруулсан байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Exit mobile version