Нийгэм

Шатахуунд ус холиод зарж байна гэх бодлоо толгойноосоо авах хэрэгтэй

Нийтэлсэн

-Хэрэв усыг шатахуунтай механикаар хольвол шатахуун түгээгүүрийн шахуурга хөлдөнө-

Ашигт малтмал, газрын тосны газраас өчигдөр шатахуун импортлогч компаниудын агуулахад хадгалагдаж байгаа шатахууны чанарыг  шалгалаа.

 

ДӨРВӨН УДААГИЙН ШАЛГАЛТААР ШААРДЛАГА ХАНГААГҮЙ БОЛ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ НЬ “ЦУЦЛАНА”

 

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2020-2021 онд шатахуун түгээх станцын агуулах, хадгалах сав, шатахуунд гурван удаа хяналт, шалгалт хийж 25 аж ахуйн нэгжийг тус бүрт нь есөн сая төгрөгөөр торгосон байдаг. Харин одоо дөрөв дэх удаагийн хяналт, шалгалтыг Ашигт малтмал, газрын тосны газраас хийж, эдгээр бүх шалгалтаар зөрчилтэй гарсан ААН-ийн газрын тусгай зөвшөөрлийг нь “цуцлах” арга хэмжээ авах юм байна.

Тиймээс өнөөдөр Сод Монгол Группийн ХХК-ийн агуулахаас дээж авч шинжилгээнд өгөхөөр болов. Өмнө нь улиралд нэг удаа шатахуун, дизелийн түлшний чанарт бүрэн хяналт хийдэг байсан бол иргэдээс очсон санал гомдлыг үндэслэж сар бүр дээж авч, шалгадаг болжээ. Цаашид түүвэрлэсэн байдлаар шатахуун түгээх станцуудаас дээж авч, хяналтаа тавьдаг болох юм. АМГТГ-ын хангамж хариуцсан мэргэжилтэн Д.Дагвасүрэн мэдээлэл өгөв.

Мэдээлэлдээ “Газрын тосны бүтээгдэхүүний тусгай зөвшөөрөлтэй холбоотой нарийвчилсан журмын дагуу долоо хоног бүрийн Мягмар гарагт шатахууны нөөц, үлдэгдлийн мэдээ, мэдээллийг тогтмолд гарган холбогдох төрийн байгууллагад хүргүүлдэг. Уг мэдээний үнэн бодит байдлыг тухайн аж ахуйн нэгжийн агуулах дээр хэмжилт хийж, тулган баталгаажуулах замаар сар бүр гүйцэтгэж байна. Энэ сарын 10-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 30 нөөц байна. Газрын тосны бүтээгдэхүүний нөөцийг хэвийн байлгах асуудлын хүрээнд ОХУ-ын Роснефть болон БНХАУ-ын Петрочайна Интернэшнл компаниас энэ сард нийт 117 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлох захиалга хийгдсэн” гэлээ.

 

ЦАС, БОРООТОЙ ҮЕД  ШАТАХУУНААС ДЭЭЖ АВАХАД ӨӨРЧЛӨЛТТЭЙ ГАРДАГ БАЙНА

 

АМГТГ Газрын тосны бүтээгдэхүүний шинжилгээ хариуцсан шинжээч Ж.Бадамсүрэн шатахууны чанарын шинжилгээг хэрхэн гүйцэтгэдэг талаар мэдээллээ. “Манай лаборатори автобензинийг 13 үзүүлэлтээр, дизель түлшийг 16 үзүүлэлтээр шинжилдэг. Бүтээгдэхүүний хувийн жин, хүхэр, нүүрс, ус төрөгчийн агуулгууд, хүчилтөрөгчийн нэгдэл зэрэгт тус бүрд нь шинжилгээ хийдэг Монгол Улсын стандарт бий. Үүний дагуу шинжилгээг хийж сорьцын дүнгээр техникийн шаардлага хангаж байгаа эсэхийг тогтоодог.

Газрын тосны бүтээгдэхүүнээс дээж авах стандартад бороо, цас, шуургатай үед дээж авахыг зөвшөөрдөггүй. Бид лаборатори дээр очоод усны агуулга байгаа эсэхэд бүр нарийвчилсан шинжилгээг хийдэг. Хэрэв дээж авах үед том амсартай агуулахын сав руу хур тунадас орчихвол нарийвчилсан шинжилгээгээр нэг үзүүлэлт нь асуудалтай гарна.

Энэ тохиолдолд дээжээ стандартын дагуу аваагүй тул шинжилгээ маань үр дүнгүй болчихдог” гэж ярилаа.

 

ШАТАХУУНЫ ЧАНАРТ 100 ХУВЬ ИТГЭЖ БОЛНО ГЭВ

 

“Сод Монгол” нефт хангамжийн газрын ашиглалтын инженер Э.Эрболд шатахууны нөөц бүрдүүлэлт, хадгалалтын талаар “Олон нийтийн цахим сүлжээгээр бензинд ус холиод зарж байна, автомашин их шатахуун зарцуулах боллоо гэх зүйлсийг ярьж байна. Энэ бол огт үндэслэлгүй мэдээлэл. АМГТГ-аас манайд байнга шалгалт явуулж, савны хэмжилтийг тогтмол хийдэг бөгөөд зөрчил илрээгүй.

Харин автомашины шатахууны саванд тодорхой хэмжээгээр ус үүссэн байж болно. Яагаад гэвэл жолоочид өвөл дотор дулаан зогсоолд автомашинаа байрлуулдаг. Энэ тохиолдолд шатахуунд конденсаци /халуун, хүйтний нөлөө/ үүсээд, дээш уур цохино. Буцаад дусал дуслаар ус болон доошлоод шатахууны саванд хуримтлагдаж байгаа. Усны хувийн жин шатахууныхаас их учраас савны ёроолд тунана гэсэн үг. Иймд жолоочид шатахууны саваа цэвэрлэж байх нь зүйтэй.

Түүнээс нефть импортлогч компаниуд устай шатахуун борлуулах ямар ч боломжгүй.

Шатахууныг эхлээд вагоноос агуулахын сав руу шилжүүлнэ. Агуулахаас шатахуун түгээх станц руу, станцаас хэрэглэгчийн автомашинд орох хүртэл 14-15 шүүлтүүр дамждаг. Тиймээс мөстэй, устай шатахуун хэрэглэгчдэд борлуулах ямар ч үндэслэл байхгүй. Шатахууны чанарт 100 хувь итгэж болно. Манай компани ОХУ-ын Роснефть компаниас шатахуунаа 100 хувь импортолдог. Роснефтээс чанарын баталгаа, шинжилгээний бичигтэй орж ирдэг. Орж ирсэн шатахуунд Зэвсэгт хүчний лаборатори, манай лаборантууд шинжилгээ хийдэг. Зарим тохиолдолд бүх вагоноос, зарим тохиолдолд 10 вагон шатахуун орж ирэхэд 7-8-аас нь сорьц авч, шалгадаг” гэв.

Мөн нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн Л.Төмөр “Иргэд маань шатахууныг устай холиод зарж байна гэх бодлыг толгойноосоо авч хаях хэрэгтэй. Нэгдүгээрт, шатахууны агуулах руу ус эсвэл өөр механик хольц орох ямар ч боломжгүй. Хоёрдугаарт, агуулахаас дамжаад шатахуун түгээх станцын хоолойгоор автомашины шатахууны саванд шилжих явцад устай холилдоно гэж байхгүй. Тиймээс шатахуун импортлох тусгай зөвшөөрөл эзэмшигчид устай шатахуун борлуулж байна гэдэг ташаа мэдээлэл” гэсэн юм.

Exit mobile version