Дэлхий

Хатан хаан II Элизабетийн хүү хүчирхийллийн хэрэгт холбогдож, цэргийн цол хэргэмээсээ татгалзлаа

Нийтэлсэн

Хатан хаан II Элизабетийн хүү, Йоркийн гүн ханхүү Эндрю хүчирхийллийн хэрэгт холбогдсон. Тэрээр өчигдөр хатан хааны зөвшөөрлөөр цэргийн цол хэргэмээсээ татгалзаж, хааны гэр бүлийн ивээлд байх боломжгүй болжээ. Түүнчлэн “Эрхэмсэг ноёнтон” гэж дуудуулах эрхгүй болсон байна.

Букинхэмийн ордноос “Йоркийн гүн улсын ажилд оролцохгүй, цаашид энэ хэрэгт иргэний хувиар өөрийгөө өмгөөлөх болно” гэж мэдээлжээ.

Америк эмэгтэй Виржиниа Жуффре түүнийг бэлгийн хүчирхийллийн хэрэгт буруутгасан. Харин ханхүү Эндрю тийм зүйл болоогүй, тухайн эмэгтэйг танихгүй гэж мэдүүлж байгаа юм.

ХАНХҮҮ ЭНДРЮ ХҮЧИРХИЙЛЛИЙН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН НЬ

2019 оны эхээр зургаан эмэгтэй Америкийн тэрбумтан Жеффри Эпштейний эсрэг мэдүүлэг өгчээ. Тухайн оны долоодугаар сард түүнийг баривчилж, бэлгийн боолчлол, насанд хүрээгүй хүүхдүүдтэй бэлгийн харьцаанд орсон, гэрчүүдийг худалдаж авсан хэрэгт буруутгасан.

Эпштейнд 45 жилийн ял төлөвлөж байсан боловч 2019 оны наймдугаар сарын 10-ны өдөр тэрээр шоронд нас барсан байна. Хохирогчид нь түүнд цаазын ял оноохыг шаардаж байсан юм. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Эпштейний найз бүсгүйг мөн хүүхдийн хүчирхийлэлд буруутай гэж шүүх үзэв.

Эпштейнийг нас барсны дараа түүний эсрэг мэдүүлэг өгч байсан эмэгтэйчүүдийн нэг болох Виржиниа Жуффре ханхүү Эндрюг хүчирхийлэлд буруутгажээ. Тэрээр “2000 оны эхээр ханхүү Эндрю нэг бус удаа Эпштейний зохион байгуулсан үдэшлэгт оролцсон. Тухайн үед би 17 настай байсан ч ханхүү Эндрютэй гурван удаа бэлгийн харьцаанд орсон” хэмээн мэдүүлжээ.

Эхний мэдүүлэгтээ Жуффре ханхүүгийн биеэ авч яваа байдал хэвийн байсан гэж ярьж байв. Тэрээр “Тэр ямар нэг тэнэг үйлдэл гаргаагүй. Зүгээр л “Баярлалаа”, бас өөр нэг таатай үг хэлээд явсан” гэж хэлсэн байна. Гэвч дараа нь ханхүү Эндрю түүнийг хүчирхийлсэн гэж мэдүүлжээ.

Гэвч ханхүү өөрийгөө Эпштейний хэрэгт огт холбоогүй гэж хэлдэг байна.

Эх сурвалж: ВВС

Exit mobile version