Нийгэм

Цагаан хад тээвэрчдийг хорьдог газар болжээ

Нийтэлсэн

Одоогоос хагас жилийн өмнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн Цагаан хад гэх суурьшлын бүсийг “Ногоон бүс” хэмээн зарласан. Ийнхүү зарласнаас хойш Гашуунсухайт хилийн боомтоор нүүрс тээвэрлэхийн тулд тээвэрчдийг шинжилгээнд хамруулж, бөмбөлөгт байршуулах болсон билээ. Нэг бөмбөлөгт 40 хүн байрлах бөгөөд тэднийг 10 гэрт хуваан байрлуулж байгаа ажээ. Бөмбөлөг гэдэг нь хаашаа ч гарахгүйгээр тухайн газарт хооллож, ундалж, тусгаарлагдах битүүмжилсэн орчин бүхий байгууламж юм. Цагаан хадад нийт 5200 орчим жолооч бий гэх тоо баримт байдаг байна. Үүнээс рейс хийгээгүй жолоочид олонхыг эзэлж байгаа ажээ.

Цагаан хадад нөхцөл байдал ямар байгаа талаар бөмбөлөгт тусгаарлагдаж буй тээвэрчнээс лавлав. Түүнийг Б.Намсрайжав гэх бөгөөд тээвэр хийхээр Цагаан хад руу дуудагдсан байна.

Тэрбээр “Цагаан хад дахь нөхцөл байдлын талаар ярьж өгье. Биднийг төмөр хашаан дотор гэрт тусгаарлаж байгаа. Гадаа хүйтэрч байгаа болохоор гэрээ галлаад л хоригдоод байж байна. Нэг гэрт дөрвөн хүн бий. Нэг бөмбөлөгт 40 хүн хамаардаг. Жолоочид бүгд тээвэр хийх байхдаа хэмээн горьдоод л сууж байна даа. Компаниудаас жолоочдыг хуваарьт оруулж байгаа. Гэвч өмнө нь рейс хийсэн жолоочдоо л оруулаад байна. Улсаас сул зогсолт хийсэн гэж 5000 юань өгнө гэсэн. Бидэнд 2500 юань өгсөн ч олон сар тээвэрлэлт хийгээгүйн улмаас цалингүй болсон тул ар гэртээ өгөөд л дууссан. Би ирээд сар гаруй хугацаа өнгөрч байна. Бусад бөмбөлгүүдэд олон сар болсон жолоочид бий. Энд нийт 5-6 мянган жолооч байна шүү дээ. Энд өглөөний цай өгөхгүй. Өдөр болон оройн хоол өгнө. Тог цахилгаан ихэнхдээ тасарчихдаг” гэв.

Хагас жилийн хугацаанд тусгаарлах байр, хоол, халдвар хамгаалалтад 160 орчим компани 270 бөмбөлөгт 16 тэрбум төгрөг зарцуулсан байна. Тээвэрчдийг тусгаарлах байрны мөнгийг гэрээ хийсэн аж ахуйн нэгж төлж байгаа боловч тээвэрчдэд харих эрх байхгүй юм байна. Учир нь харихын тулд тусгаарлах байранд өнгөрүүлсэн өдрүүдийн төлбөрийг аж ахуйн нэгжид төлөх шаардлага тулгарчээ. Нэг ёсондоо тусгаарлах байрны зардал мөнгө болох 10 сая төгрөгийг төлөх шаардлага үүсэж байна

Гэвч олон сар хоригдсон тээвэрчид тусгаарлах байрны төлбөр төлөх нь бүү хэл олон сар орлогогүйн улмаас ядаж нэг рейс хийх итгэл тээн өдөр хоногийг аргацаасаар байгаа юм. Тусгаарлах байрны нэг өдрийн төлбөр 100-120 мянган төгрөг байдаг аж. Өдөрт 120 мянган төгрөгийг 5200 жолоочоос авдаг хэмээн үзвэл 640 сая төгрөг болно. Ингээд үзвэл сард 18 тэрбум төгрөг зөвхөн тусгаарлах байрны төлбөрт урсаж байгаа юм.

Тээвэрчин Н.Мөнхбат “Хурууны хээгээ өнгөрсөн оны зургаадугаар сард Аяны эхлэл компанид өгсөн. Намайг 50-р бөмбөлөгт оруулна гэсэн боловч орсон үгүй нь ч тодорхойгүй байна. Би рейс хийгээгүй найман сар боллоо. Одоо ч Цагаан хадад хоригдож байна” гэсэн юм. Тээвэрчдийн төлөөлөл болж н.Мөнхбат хэлж буй нь тээвэрчдийн цаана орших олон зуун гэр бүлийн амьдрал сөхөгдөж ярихад хүргэж байна. Тээврийн оргил үед жолоочдын цалин 11 сая төгрөг байдаг байжээ. Харин одоо найман сая төгрөгийн цалин өгдөг болсон ч зөвхөн тээвэр хийсэн жолоочид авах юм.

Тээвэрчдийн гэр бүлийн төлөөлөл Д.Наранцэцэг “Хүү маань Цагаан хад руу явснаас хойш олон сар өнгөрлөө. Амьдрахын тулд хүн ажиллах хэрэгтэй. Залуу айл болохоор зээл байлгүй л яахав. Гэтэл хүү маань олон сар тусгаарлагдаж, хоригдсон учраас бэр маань зээлээ төлж, амьдралаа авч явахын тулд ганцаараа ажиллаж байна. Манайх баян айл биш. Тээврийн хөлсөөр бидэн шиг амьдралаа босгодог олон айл байгааг яагаад бодолцож үзэхгүй байгаа юм бэ” хэмээн өөрийн үзэл бодлоо хуваалцав.

Цагаан хад руу татагдсан жолоочид Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд сумдын буудлуудад 14 хоног тусгаарлагдахдаа их хэмжээний орлого оруулсан хэмээн хэлэхэд хилсдэхгүй. Нэг хүний хоногийн ор, хоолны мөнгө 120-150 мянган төгрөг болж байсан. Улмаар бөмбөлгийн хотхонд нэг ор 1.8 сая төгрөгөөр түрээсэлдэг байв. Өдөрт 100 орчим машиныг Хятадын тал авч байхад 5200 жолоочийг яагаад Цагаан хадад хашаад буйн сонирхолтой.

Тиймээс тээвэрчдийн ар гэр Хүний эрхийн үндэсний комисст Цагаан хадад байрлах тээвэрчид олон хоногоор тусгаарлагдаж буйн хүний эрх зөрчсөн хэмээн үзэж Баянзам үйлдвэрчний эвлэлийн холбооны шугамаар гомдол гаргасан боловч ямар ч хариу өгөөгүй байна.

Тээвэрчдийн гэргий нарын холбооны ТУЗ-ын гишүүн Д.Жавзансүрэн “Цагаан хадад нийт хэдэн жолооч байгааг дарга нар нь мэдэхгүй байгаа юм. Нэг ч рейс хийгээгүй 120 хоносон 800 тээвэрчид байгаа гэх тооцооллыг бид гаргасан. Дарга нарын машин байдаг бөмбөлгүүд долоо хоног болгон нэг рейс хийж 25 сая төгрөгийн ашиг олж байна. Тээвэрчдэд өдөр өдрийн хуваарь гэж гаргасан нь ямар ч үр ашиггүй. Хятадууд нүүрсээ авахгүй бол Монгол Улс нь хүнээ авах хэрэгтэй. Бид холбогдох газруудад шаардлага хүргүүлсэн. Хариу өгөхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ” хэмээн байр сууриа илэрхийлэв.

Юуны улмаас олон жолоочдыг нэг дор цуглуулан хорьж, ар гэрт нь илгээхгүй байгааг ар гэрийнх нь сэрдэж буй. Тэдний сэрдэлтээр шинжилгээ, тусгаарлах байрны төлбөр зэргээс их хэмжээний ашиг олох хэсэг бүлэг нөхөд бий хэмээн үзэж байгаа аж. Мөн цөөн тооны жолоочид олон удаагийн рейс хийж буй явдал авлигалтай холбоотой байхыг ч үгүйсгэх аргагүй хэмээн хардаж буй.

Гэвч гол асуудал бол 5000 гаруй хүнийг олон сарын турш нийгмээс тусгаарлаж байгаа явдал юм. Тог ч үгүй, хангалттай хоол ч байхгүй, ажил орлогогүй, нийгмээс тасарсан хэсэг бүлэг хүмүүс хэдийг хүртэл хоригдсоор байх вэ. Тээврийн эргэн тойронд өрнөх энэ мэт асуудалд хэн нэгэн анхаарал хандуулж, хариуцлага хүлээх хэрэгтэй. Тээврийн үйл ажиллагааг сайжруулж, зохицуулалт хийхгүй бол олон хүний эрх ашиг хөндөгдсөөр байх болно. Хийсэн буруу үйлдэлгүй, нийгмийн хэм хэмжээг зөрчөөгүй тээвэрчдийг нийгмээс тусгаарлах эрх ямар ч хүнд байхгүй.

Н.АНУЖИН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Exit mobile version