Дэлхий

Галт уулын дэлбэрэлтийн хохирлыг үнэлэхээр Шинэ Зеланд улс Тонга руу онгоц илгээжээ

Нийтэлсэн

Бямба гарагт Номхон далайн өмнөд хэсэгт усан доор галт уул хүчтэй дэлбэрсний улмаас дэлхийн олон оронд цунамигийн гамшиг нүүрлэсэн юм.

Хунга-Тонга, Хунга-Хаапай нэртэй арлуудын ойролцоо усан доор оршдог галт уулын дэлбэрэлтээс Тонга арал улс хамгийн их хохирол амсаад байна.

Тус улсын нийслэл Нукуалофа хот галт уулаас 65 км зайтай оршдог.

106,000 гаруй хүн амтай Тонга улсын 80,000 орчим иргэн галт уулын дэлбэрэлтэд ямар нэг хэмжээгээр өртсөн байж болзошгүй гэж мэргэжилтнүүд тооцоолжээ. Тус улсын эрэг орчмын газар усанд автаж, галт уулын үнс нурам арлыг бүрхээд байна.

Интернэт, холбооны шугам гэмтэж, эрчим хүчний хангамж тасарчээ. Мөн цэвэр усны нөөцгүй болсон байж магадгүй байна.

Тонга арлын нөхцөл байдлын талаар мэдээлэл хомс байгаа тул өчигдөр Шинэ Зеланд улсын засгийн газар хохирлыг үнэлэх тусгай нислэг зохион байгуулжээ.

Гамшгийн нөхцөл байдлыг үнэлэх зорилготой онгоц Тонга арал руу ниссэн тухай тус улсын батлан хамгаалах яам өчигдөр мэдэгдсэн байна.

Шинэ Зеландын арлууд нь Тонгагаас 2,300 гаруй километрын зайтай оршдог ч галт уулын дэлбэрэлтийн чимээ иргэдэд нь сонсогдож байжээ.

Хиймэл дагуулаас авсан зурагнаас харвал галт уулын дэлбэрэлтийн дараа нам өндөртэй зарим жижиг арлууд бүрэн усанд живсэн байна.

Дэлбэрэлтийн дараа АНУ, Япон зэрэг дэлхийн хэд хэдэн улс Номхон далайн эрэг орчимдоо цунамигийн түгшүүр зарласан юм.

Японы эргийн зарим хэсэгт 1.2 метрийн өндөртэй давлагаа үүссэн тухай мэдээ ирж байна. АНУ-ын Калифорни, Аляска мужийн эрэг орчмын газар нутаг үерт автсан тухай бас мэдээлжээ.

Эх сурвалж: BBC

Exit mobile version