Дэлхий

БНАСАУ Япон тэнгисийн зүг дахин пуужин харвав

Нийтэлсэн

БНАСАУ Япон тэнгисийн зүг пуужин харвасан тухай Ёнхап агентлаг мэдээлжээ. Энэ нь 2022 он гарснаас Хойд Солонгосын зүгээс харваж буй дөрөв дэх удаагийн пуужин юм.

БНСУ-ын Штабуудын дарга нарын хорооны мэдээлснээр, өнөөдөр /2022.01.17/ Хойд Солонгосын зүгээс нэгэн зэрэг ойрын тусгалтай хоёр баллистик пуужин харважээ. Пуужинг Пёньяны ойролцоох Сунан олон улсын нисэх онгоцны буудлын бүсээс хөөргөсөн аж. Японы эрх баригчид мөн Хойд Солонгос даваа гарагт хоёр баллистик пуужин харвасныг баталжээ. Пуужингууд 300 км зай туулж, Хойд Солонгосын зүүн эрэг орчим, Японы эдийн засгийн бүсийн хилийн гадна унасан байна.

Үүнээс өмнө энэ сарын 5, 11 болон 14-нд пуужин харваж байсан билээ. Эхний хоёр тохиолдлын талаар БНАСАУ хэт авиан пуужин харвасан тухай мэдэгдсэн бол 14-нд ойрын зайн тусгалтай хоёр баллистик пуужин хөөргөсөн байна.
Пёньяны пуужингийн туршилттай холбогдуулан Японы Ерөнхий сайдын дэргэд хямралын штаб байгуулсан тухай NHK суваг мэдээлжээ. Мэдээлэл цуглуулах, болзошгүй хохирлын хэмжээг баталгаажуулах үүднээс холбогдох яамдын төлөөлөгчдөөс бүрдсэн хямралын штаб шуурхай хуралдаан явуулж байх аж. Ингэхдээ Японы Ерөнхий сайд Фүмио Кишида холбогдох яамдад агаар болон далайн тээврийн аюулгүй байдал зэрэг нөхцөл байдлыг задлан шинжлэх, цаг тухайд нь ард иргэдээ дэлгэрэнгүй мэдээллээр хангах, онцгой нөхцөл байдал бүхий л шаардлагатай арга хэмжээ авах чиглэл өгсөн байна.

Exit mobile version