Дэлхий
Цар тахлын хорио цээрийн журмыг зөрчсөн Швейцарын банкны ТУЗ-ийн дарга огцорлоо
Швейцарын хоёр дахь том банк болох Credit Suisse-ийн төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн дарга Антонио Орта-Осорио албан тушаалаасаа огцорч байгааг өнөөдөр зарлажээ.
Түүний ажлыг ТУЗ-ийн гишүүн Аксел Лехман түр орлон гүйцэтгэхээр болсон байна.
“Миний хувийн үйлдлүүдээс болж банкны үйл ажиллагаанд хүндрэл учирч, гадаад болон дотоодод банкийг төлөөлөх аргагүй болсондоо би харамсал илэрхийлж байна. Тиймээс энэ хүнд цаг үед банкны болон түүний хувь эзэмшигчдийн ашиг сонирхолд миний огцрох шийдвэр нийцнэ гэж үзлээ” гэж Орта-Осорио өнгөрсөн шөнө гаргасан мэдэгдэлдээ өгүүлжээ.
Өнгөрсөн оны долдугаар сард тэрбээр Их Британид зочлохдоо тус улсад мөрдөгдөж байсан хорио цээрийн журмын дагуу өөрийгөө тусгаарлалгүй, Уимблдонд теннисний тэмцээн үзсэн нь баримтаар батлагдсан юм. Энэ нь цар тахлын хорио цээрийн дэглэмийг зөрчсөн түүний хоёр дахь үйлдэл байжээ.