Эдийн засаг

БНХАУ-ын эдийн засаг 8.1 хувиар өссөн нь сүүлийн 10 жилд бүртгэгдээгүй өндөр үзүүлэлт боллоо

Нийтэлсэн

Хятадын эдийн засаг 2021 онд 8.1 хувиар тэлсэн байна. Энэ нь 2011 оноос хойш тус улсын ДНБ хамгийн өндөр хувиар өссөн үзүүлэлт болж байна. ОУВС болон Дэлхийн банк тус улсын ДНБ-ийг найм орчим хувиар өснө гэж таамаглаж байсан бол тэдгээрийн таамаглалыг ялимгүй буюу нэг хувиар давж, ДНБ нь 110 их наяд юань буюу 17.3 их наяд ам.долларт хүрчээ. Мөн 2021 оны дөрөвдүгээр улиралд Хятадын эдийн засаг өмнөх оны мөн үеийнхээс дөрвөн хувиар өссөн аж. Түүнчлэн ДНБ 2020 онд 2.3 хувиар өссөнөөр эдийн засаг нь өсөлттэй гарсан цорын ганц томоохон эдийн засагтай улс болж байсан юм.

Хятадын Шинжлэх ухааны академийн урьдчилан таамаглаж буйгаар, 2022 онд тус улсын эдийн засаг ДНБ нь багаар бодоход 5.5 орчим хувиар өсөх төлөвтэй байна. Хятадын нэг хүнд ногдох ДНБ 2021 онд 12.551 ам.доллар болсноор нэг хүнд ногдох ДНБ-ийхээ хэмжээгээр Дэлхийн банкнаас тодорхойлсон өндөр орлоготой улс болоход тун дөхөж ирсэн.

Түүнчлэн дэлхийн хоёр дахь том эдийн засаг БНХАУ нь өдгөө дэлхийн ДНБ-ий 17 гаруй хувийг дангаараа бүрдүүлж байна. Тус улс  сүүлийн 11 жилийн хугацаанд дэлхийн хамгийн том үйлдвэрлэгчийн байр сууриа хадгалж байгаа юм. БНХАУ нь бараа бүтээгдэхүүний худалдаа болон валютын нөөцөөрөө дэлхийд нэгдүгээрт, үйлчилгээний худалдаа болон хэрэглээний зах зээлийнхээ хэмжээгээр хоёрдугаарт ордог.

Тус улсын 1.4 тэрбум хүн амын 400 сая гаруй нь чинээлэг дундаж давхаргад хамаарч буй бөгөөд энэ давхаргад хамаарах хүмүүсийн тоо жил ирэх тусам өсөж, зах зээлийнх нь хэмжээ дэлхийн аль ч улс орныхтой харьцуулшгүйгээр хурдацтай өргөжин тэлсээр байна. Түүнчлэн 2021 онд Хятадын гадаад худалдааны хэмжээ 6.05 их наяд ам.долларт хүрсэн нь тус улсын гадаад худалдааны хэмжээ түүхэндээ анх удаа зургаан их наяд ам.долларын босго давсан үзүүлэлт болжээ.

Ухаалаг гар утас болон бусад бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шаардлагатай хагас дамжуулагчийн хомсдол болон үйлдвэрлэлийн томоохон бүсүүдэд цахилгааны хязгаарлалт тогтоосон хэдий ч Хятадын экспорт өнгөрсөн онд өмнөх оныхоос 29.9 хувиар өссөн байна. Гэхдээ энэ жил худалдааны өсөлт сул байж, боомтуудын түгжрэлээс болж экспортын хэмжээ багасаж магадгүй гэсэн таамгийг эдийн засагчид дэвшүүлж байна.

Үүнээс гадна Хятадын ДНБ-ий бараг гуравны нэгийг бүрдүүлдэг үл хөдлөх хөрөнгийн салбарын хямрал одоо улам гүнзгийрч, томоохон тоглогчид сүйрлийн ирмэг дээр ирээд байна. Эдийн засгийн асуудлууд улам бүр нэмэгдэж байгаа нь Бээжинг бодлогын арга барилаа эргэн харахад хүргэж магадгүй гэдгийг эдийн засагчид онцолж байгаа юм.

Энэ сарын эхээр болсон эдийн засгийн уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон бусад дээд удирдагчид “тогтвортой байдлыг” хангах нь 2022 оны нэн тэргүүний зорилт гэж тодорхойлсон. Эрх баригчид эдийн засгаа эрчимжүүлэх хүчин чармайлтаа нэмэгдүүлсээр байна. Хятадын Төв банк цар тахлын үеэр арилжааны банкуудад олгох дунд хугацааны зээлийн хүүгээ 2020 оноос хойших хамгийн доод түвшинд хүртэл бууруулсан

Хэдийгээр Хятадын эрх баригчид санхүүгийн бодлогоо зөөлрүүлж, санхүүгийн хүндрэлд орсон хөгжүүлэгчид халдварын эрсдэлийг зогсоохын тулд хөрвөх чадварыг хангахад бэлэн байх ёстой ч дэд бүтэц, үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтаар дамжуулан өсөлтийг нэмэгдүүлэх уламжлалт арга нь “үйлчлэхээ больсон” гэж Дэлхийн банк үзэж байна. Дэлхийн банкны ахлах эдийн засагч Ибрахим Чоудхури “Дунд хугацаанд чанартай өсөлтөд хүрэхийн тулд Хятад эдийн засгаа хэд хэдэн хэмжүүрээр тэнцвэржүүлэх шаардлагатай” гэж онцолжээ.

Үүнд Хятад улсыг хэрэглээ, үйлчилгээнд тулгуурласан эдийн засагтай болгох, төрийн удирдлага, зохицуулалтаас илүү зах зээл, хувийн хэвшлийг илүү их үүрэгжүүлж, нүүрстөрөгчийн хийн агууламж багатай эдийн засагт шилжих хүчин чармайлт гаргах зэрэг багтаж байна. Түүнчлэн Ибрахим Чоудхури “Хүчин зүйлийн зах зээл дэх гажуудлыг арилгах, хамгаалагдсан үйлчилгээний салбарыг цаашид нээлттэй болгох нь хувийн хэвшилд тулгуурласан өсөлтөд шилжихэд дэмжлэг үзүүлэхээс гадна өндөр үнэ цэнэтэй үйлчилгээний ажлын байр руу шилжихэд түлхэц болно” гэж мэдэгдэв.

Тэнцвэрийг дэмжихийн тулд Хятад улс төсвийн шинэчлэлийг хийж, татварын илүү дэвшилтэт тогтолцоог бий болгож, нийгмийн хамгааллын сүлжээг сайжруулж, нүүрстөрөгчийн үнийг илүү өргөнөөр ашиглахыг дэмжин, ногоон санхүүжилтийн хэрэгслийг хөгжүүлэхийг санал болгов.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Exit mobile version