Улс төр

Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг баталсангүй

Нийтэлсэн

Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Х.Булгантуяа, Э.Бат-Амгалан, Б.Саранчимэг, Ж.Чинбүрэн нараас өнгөрсөн аравдугаар сарын 04-нд Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлсэн. Мөн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг өчигдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэв.

Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр танилцууллаа. Гэвч Улсын Их Хурлын МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн төслийн хэлэлцүүлгээс МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авахаа мэдэгдлээ. Тэрбээр “Гишүүд олон талт байр суурьтай байгааг нэгтгэх шаардлагатай. Мөн хууль санаачлагч УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ҮАБЗ-ийн дүгнэлт гаргуулах шаардлага байна” гэснийг онцлов.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар УИХ дахь МАН-ын бүлэгт Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээс тав хоногийн завсарлага өглөө.

Хуулийн төсөлд оруулсан гол өөрчлөлтүүд:

Төрийн байгууллагуудын нийтийн зориулалттай орон сууцны зориулалтаар газар эзэмшиж, хөрөнгө босгодог шударга бус байдлыг хязгаарлана.
Барьж дуусаагүй барилгыг үл хөдлөх эд хөрөнгөд бүртгэж, иргэдийн өмчлөх эрхийг зөрчдөг зохицуулалтыг өөрчилнө. Нийтийн зориулалттай орон сууцны дэвсгэр болон орчны газрын эрхтэй холбоотой зохицуулалтыг шинээр бий болгоно.
Нийтийн зориулалттай дундын өмчийн эрхийг тодорхойлж, Газрын тухай хуулиар өөрийн орны онцлогт тохируулсан нийтийн зориулалттай орон сууцны газрын эрхийг сууц өмчлөгчдөд олгоно. Ингэснээр газар ашиглах эрхтэй этгээд орон сууц барих эрхийг хязгаарлаж, барилга байгууламж барих эрхийг Газрын тухай хуулиар амилуулах хөрс бий болох ач холбогдолтой.
Газар эзэмших эрхийн гэрчилгээ нь хуулиар олгогдсон нийтийн зориулалттай орон сууцны дэвсгэр болон орчны газрыг дундаа хамтран эзэмших сууц өмчлөгчдийн дундын өмчийн эрхээс ялгаатайг хүлээн зөвшөөрчээ.
Газар эзэмших эрхийг нийтийн зориулалттай орон сууцны дэвсгэр болон орчны газартай давхардуулан олгох боломжийг хязгаарлахаар тусгасан байна.
Нийтийн зориулалттай дундын өмчийн эрхийг хуульчилж, орчны газрыг сууц өмчлөгчдийн холбоонд ашиглуулдаг зохицуулалтыг өөрчлөхөөр тусгасан.
Газар эзэмших, ашиглах эрхийн харилцаанд үндэслэж, өмчлөх эрхийг дуусгавар болгодог зохицуулалтыг халж, иргэдийн өмчлөх эрхийг хамгаалах ач холбогдолтой зохицуулалтыг оруулсан.
Төрийн байгууллага, албан газар албан хэрэгцээнийхээс бусад зориулалтаар газар эзэмших хүсэлт гаргасан нөхцөлд хүсэлтийг Засгийн газар нэгдсэн хуралдаанаараа шийдвэрлэнэ. Ингэснээр төрийн байгууллагуудын газар эзэмших харилцаанд нэгдсэн хяналт тавьж, хуулиар хүлээсэн төрийн чиг үүрэгт хамааралгүй ашгийн төлөөх үйл ажиллагаа эрхлэх боломж, нөхцөлийг хязгаарлана.
Хуулийн төсөл батлагдсанаар иргэдийн хамгийн үнэ цэнтэй хөрөнгө болох сууцны өмчлөх эрх дуусгавар болох, ноцтой зөрчигдөх боломж хязгаарлагдах ач холбогдолтой. Үндсэн хуульд заасан газар өмчлөх эрхийг зөвхөн Монгол Улсын иргэн эдлэх зохицуулалттай уялдуулан нийтийн зориулалттай орон сууцны дэвсгэр болон орчны газрыг сууц өмчлөгчид эзэмших боломжтой болно. Ингэснээр өөр этгээд тоглоомын талбайд барилга барих, ногоон байгууламжийг устгах, СӨХ болон бусад иргэн, аж ахуйн нэгжийн газрын маргаантай асуудал цэгцрэх үндэс тавигдана хэмээн төсөл санаачлагчид үзжээ.

Өөр этгээд тоглоомын талбайд барилга барих, ногоон байгууламжийг устгах, СӨХ болон бусад иргэн, аж ахуйн нэгжийн газрын маргаантай асуудал цэгцрэх үндэс тавигдана.

Газрын тухай хуульд газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг Иргэний хуульд заасан агуулгаар тодорхойлоогүйгээс иргэдийн ялангуяа нийтийн орон сууц өмчлөгчдийн өмчлөх эрх болон эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ноцтой зөрчигдөх шалтгаан тулгарч байна. Иймд уг хуулийн төслийг боловсруулан өргөн мэдүүлжээ.

Газрын тухай хуульд Улаанбаатарын нийтийн эзэмшлийн газрын эрх зүйн зохицуулалтыг зөв хийх, хот суурин газрын газрыг бүртгэлжүүлэх, олон нийтийн эрх ашиг зөрчигдөхөөс сэргийлэх, газартай холбоотой авлигыг бууруулахад анхаарах, хуулийн хэрэгжих хугацааг хэт шахуу тавихгүй байх, хуульд хоёрдмол утгатай үг оруулахгүй байх, дуусаагүй барилга гэх үг хэллэгийг анхаарах гэсэн саналуудыг хэлжээ.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэжээ.

Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, “Газрын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд хоёр асуудал байна. Аж ахуйн нэгжүүдийн барьж буй барилгуудыг барьцаанд тавихыг хориглож болохгүй. Хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжээд хэлэлцүүлгийн явцад энэ заалтыг засах шаардлагатай. Харин орон сууцны доорх газрыг иргэдэд эзэмшүүлэх нь зөв.

Монголд газар, барилга хоёр саланги байдаг тул үүнийг нэг эзэмшилтэй болгох нь зөв” гэв. Харин Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, “3960 гаруй гадаадын иргэн орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээтэй байна. Хуулийн төслийн хүрээнд эдгээр хүмүүс нийтийн эдэлбэрийн газраас газар өмчилнө. Зөвхөн өв залгамжлалаар бусад руу шилждэг өөр бусад эрхээр төр оролцох боломжгүй, газрыг хязгааргүй захиран зарцуулах эрхийг авч болохоор байна. Энэ нь Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, цаашлаад Үндсэн хуулийг зөрчинө. Газрын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг дэмжихгүй. Харин сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нар газраа зарах асуудлыг цэгцлэх төслийг дэмжинэ” гэв.

Exit mobile version