Эдийн засаг

Р.Даваадорж: Мөнгөний нийлүүлэлтийг гаргуунд хаявал инфляц гэрлийн хурдаар өснө

Нийтэлсэн

Монголбанкнаас инфляц улсын хэмжээнд 13,4 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 14,8 хувьд хүрсэн талаар мэдээлсэн. Мөн өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ 30 хүртэл хувиар өсөж, иргэд амьжиргаагаа залгуулахад улам л хүнд болсоор байна. Тиймээс улсын эдийн засаг цаашид сайжрах эсэх, инфляц өссөн нь юутай холбоотой вэ, төрөөс мөнгөний бодлого, төсвийн зарцуулалтаа эргэн харах уу зэрэг асуудлаар Эдийн засгийн ухааны доктор Р.Даваадоржтой уулзаж ярилцлаа.


-Цар тахлын улмаас болон урд хилийн боомт хаалттай, ачаа тээвэрлэлт удааширсантай холбоотойгоор манай улсын эдийн засаг доройтож, иргэдийн амьжиргаа улам л муудсаар байна. Олон баяр дараалж, иргэдийн халаасыг хоосолсоор байдаг яг энэ үед инфляц хоёр оронтой тоо руу орж, өргөн хэрэглээний барааны үнэ 10-30 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Үүн дээр эдийн засагчид ямар байр суурьтай байгаа вэ?

-Цар тахалтай холбоотойгоор дэлхийн олон улс хүнд байдалд байна гэж манай эрх баригчид  ярьж байна. Энэ бол бодит үнэнд тийм ч нийцэх тайлбар биш. Жишээлбэл, Ирланд улсын эдийн засаг 2021 онд 13 хувь, Чили нэг хувь, Перу 10 хувиар өссөн байна. Энэ жагсаалтыг цааш үргэлжлүүлж болно. Өмнөд Америкийн хоёр улсыг онцолсон учир нь манай улстай ижил зэс экспортлогч. Монгол Улсын эдийн засаг зэс, нүүрс гэсэн хоёр уул уурхайн улсууд бүтээгдэхүүнээс шууд хамаардаг гэж хэлж болно. Экспортын 90 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн, 70 орчим хувийг зэс, нүүрс дангаараа эзэлдэг.

Өнгөрсөн жил зэс, нүүрс гэх мэт уул уурхайн бүтээгдэхүүнүүд дэлхийн зах зээл дээр асар өндөр үнэ хүрлээ.  2020 оны хагас жилээс эхлэн  зэсийн үнэ тн тутамдаа таван мянган ам.доллараас 10 мянган доллар давж өссөн. Өөрөөр хэлбэл, зэсийн экспорт хийдэг улсууд эдийн засгаа сэргээх сайхан боломж гарч ирсэн гэсэн үг.

Үүнийг Чили, Перу зэрэг улс орнууд ашиглаж цар тахлын үед эдийн засгаа өсгөж чадсан байна. Нүүрсний хувьд ч ялгаагүй.  Бид нүүрсний үнийн супер циклийг огт ашиглаж чадсангүй. Коксжих нүүрсний үнэ өмнөд хөршид 600 ам.доллар давсан ч манай төрийн өмчит компаниуд хэд дахин хямдаар борлуулалт хийсэн. Хамгийн урт хуурай замаар хиллэж, 13 боомтоор холбогддог атлаа хөршийнхөө хаяанаас экспортоо хийж чадахгүйд хүрсэн нь нэн харамсалтай. Энэ нь цар тахлаас бус харин Засгийн газар төмөр замаа тавьж, боомтын нэвтрүүлэх чадварыг нэмэх асуудлаар хөрш орнуудтайгаа хэлэлцээ хийж, зохион байгуулж чадаагүйтэй холботой. Хэрэв Засгийн газар экспортын бүс нутгаа “ковидгүй” байлгаж чадсан бол түүхий эдийн үнийн өсөлтийн супер цикл манай эдийн засгийг хэд дахин тэлэх боломжтой байлаа.

-Инфляцын өсөлтөд нөлөө үзүүлж буй гол зүйлс юу вэ?

-Сүүлийн жилүүдэд өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ нэмэгдсээр байна. Шатахууны үнэ ч хэд хэдэн удаа нэмэгдэж Засгийн газраас үнэ чөлөөлөх шийдвэр гарсан. 2021 оны арванхоёрдугаар сарын эцсийн байдлаар улсын хэмжээнд инфляцын түвшин 13.4 хувь, Улаанбаатар хотод 14.8 хувьд хүрчээ.

Энэ нь Монголбанкны зорилтот түвшнээс хоёр дахин давсан үзүүлэлт юм. Гадаад валютын ханш, инфляц, өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн өсөлтийн хохирогчид нь бага орлоготой иргэд, тэр дундаа тэтгэврийн орлогоор амьдарч буй ахмад настнууд байдаг. Үнийн өсөлт буюу инфляцийн шалтгааныг тээвэр ложистикийн гацалт, шатахууны  үнэ нэмэгдсэнээс болсон гэж тайлбарлаж байгаа боловч суурь шалтгаан нь Засгийн газрын эдийн засгийн бодлогын алдаанд оршиж байна.

Иймээс ч дэлхий нийтэд инфляцыг төрийн “үл үзэгдэх татвар” гэж гоочилдог. Инфляцын үндсэн шалтгаан нь Засгийн газрын тооцоо судалгаагүй тав, 10 их наядын хөтөлбөр. Буруу бодлогынх нь үр дүн инфляцаар илэрч байна. Жижиг зах зээлд хиймлээр олон их наядаар хэмжигдэх хэмжээний мөнгө цутгаж болдоггүй юм.

-Цар тахлын эсрэг Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажлууд хэр оновчтой шийдлүүд байсан бэ?

-2020 оны дөрөвдүгээр сарын эхнээс “Ажлын байрыг хадгалж, иргэдийн амьжиргааг хамгаалах”-д чиглэсэн 5,1 их наяд төгрөгийн багц арга хэмжээг авч хэрэгжүүлсэн.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар  “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” хэрэгжүүлэх шийдвэр гаргасан.

Өмнөх хөтөлбөрт хаягдсан зарим чухал арга хэмжээг нөхөн оруулж хэрэгжүүлж эхэлсэн нь сайшаалтай. Үүнд репо санхүүжилт, гурван хувийн хүүтэй аж ахуй нэгжүүдийг дэмжих зээл, ипотекын хөтөлбөрүүд багтсаныг онцолмоор байна. Мөн дөрөвдүгээр сараас хүн амын зорилтот хэсгийг эрчимтэй вакцинжуулж, хөл хориог үе шаттай сулруулснаар аж ахуйн нэгж, бизнесийн үйл ажиллагаа сэргэх хандлага анзаарагдсан юм.

Монгол Улсын Засгийн газар нийтдээ 15,1 их наядаар хэмжигдэх хоёр томоохон  хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Донор улс орон, санхүүгийн олон улсын байгууллагуудаас нэг тэрбум ам.долларын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл авч ашиглаад байна. Эрдэнэт УҮГ-аас 650 тэрбум, “Оюу Толгой” ХК-ийн Арбитрын шүүхийн барьцаанд байсан нэг их наяд төгрөг гэх мэтээр ихээхэн хэмжээний хөрөнгө зарцуулсан нь дэлхийн дунджаас хавьгүй өндөр. Асар их хэмжээний хөрөнгө зарцуулаад гарсан үр дүн нь чамлалттай л харагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, манай улсын их наядаар хэрэгжүүлсэн хөтөлбөрүүд “бай”-гаа оноогүй эсхүл хугацаа хожимдож хэрэгжүүлсэн нь эдийн засагтаа сөргөөр нөлөөлж байна.

-Улсын жилийн инфляцын өсөлтийг харахад тогтмол байдлаар өссөн үзүүлэлттэй байна. Хэдийгээр цар тахлын хүнд хэцүү үе тулгарсан ч үнийн өсөлтийг тодорхой түвшинд барих боломж байсан уу?

-Маш их боломжоо алдсан талаар дээр дурдсан. Өмнө хөрш хилээ зориуд хаагаагүй. Монголын төр итгэлгүй, авлигажсан учраас хилээ хаасан. Өөрөөр хэлбэл, Монголын төр шударга байсан бол өвчтэй жолооч “эрүүл” гэдэг лавлагаа авахгүй байсан. Манай Засгийн газар урд хилээ ногоон, эрүүл байлгах арга хэмжээ авч чадаагүй учраас ийнхүү хоригт орж үнэ өсөхөд нөлөөллөө. Дээр нь төсөв болон мөнгөний бодлого хоорондоо уялдаагүй байсан.

2021 оны төсөв он гармагц ковид алга болох мэт тун өөдрөг дүр зурагтай орж ирсэн. Олонхоороо хүч түрэн батлаад явсан ч одоо “үнэн”-д гүйцэгдэж байна. 2012-2016 онуудад эдийн засгийн хямрал нүүрлэсэн он жилүүд байсан. Нүүрс, зэсийн үнэ өнөөдрийнхөөс хэд дахин бага үнэтэй байсан.  Гэвч тухайн үеийн Засгийн газар гол нэрийн барааны үнэ тогтворжуулах бодлого хэрэгжүүлсэн учраас иргэд үнийн дарамтыг мэдрээгүй өнгөрсөн.

-Урд хөрш боомтоо хаасны улмаас манай улсын экспорт, импорт зогсонги байдалтай нэлээд удлаа. Үүнээс үүдээд жижиг дунд үйлдвэр, аж ахуйн нэгжүүд, жижиглэнгийн худалдаа эрхлэгчид хаалгаа барихад хүрсэн. Улсын эдийн засагт өөр ямар нөлөө үзүүлж байгаа вэ?

-Зөвхөн улсын төсөв хүндрээд зогсохгүй олон мянган аж ахуй нэгжүүд, хувь хүмүүсийн бизнес дампуурч байгааг бид харж байна. Иргэдийн амьдрал хүндэрч нэн ядуу иргэдийн тоо нэмэгдэнэ гэсэн үг. 2020 оны байдлаар гурван хүний нэг нь нэн ядуу ангилалд багтаж байсан бол өнгөрсөн жил энэ үзүүлэлт муудаж хоёр хүний нэг нь ядуурсан байх магадлал  өндөр байна.

-Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, иргэдийн гар дээр авч буй цалингийн хэмжээ хоёрын хооронд асар том зөрүү гарч байна. Ер нь инфляц ингэж ихээр өссөн үед ямар арга хэмжээ авдаг юм бэ?

-Ганцхан аргаар засах боломжгүй. Инфляцын өнөөдрийн өсөлт бол олон жилийн эдийн засгийн буруу бодлогын үр дүн юм. Дээр нь цар тахлын нөхцөл байдал өвчний явцыг улам сэдрээж хурдлуулчих шиг боллоо. Одоо Монголбанк бодлогын хүүгээ өсгөх ёстой, Засгийн газар төсвийн тодотгол хийж зардлаа танах ёстой. Энэ нь инфляцыг цаашид даамжруулахгүй байх бодлогын арга хэмжээ болно. Засгийн газар тээвэр ложистикийн асуудлаа шийдэх нь ч давхар хийгдэх ёстой ажил. Засгийн газрын гишүүд өдөр шөнөгүй ажиллах ёстой хүнд үе тохиож байна.

-Манай улсын одоо барьж байгаа мөнгөний бодлого, төсвийн зарцуулалт хэр оновчтой байна вэ?

-Монголбанк боломжийн хэмжээнд ажиллаж байгаа. Гэхдээ Засгийн газрын дохио зангаагаар ажиллах аваас инфляц улам бүр өсөх магадлалтай байна. Иймээс бие даасан бодлого хэрэгжүүлэх ёстой. Төсвийн хувьд байдал туйлын тааруу байгаа гэж хэлж болно. Сүүлийн хэдхэн жилд төсвийн зардал хэт данхайлаа. Энэ хэмжээгээр улсын эдийн засагт өсөлт харагдахгүй байна.

Төсвийн зардлыг сүүлийн жилүүдэд гурав дахин нэмсэн ч манай улсын ДНБ /Дотоодын нийт бүтээгдэхүүн/ ердөө 12-13 тэрбум ам.долларт эргэлдэж, нэг иргэнд ногдох ДНБ-ний хэмжээ 4000 ам.долларт уяастай арван жил өнгөрчээ. 2020 онд төсвийн алдагдал 4,5 их наяд, энэ оных 3,7 их наяд төгрөгт хүрч, ирэх жил 2,4 их наяд төгрөг байхаар УИХ хуульчлан батлаад байна. Ийнхүү Монголын төр түүхэндээ анх удаа гурван жилийн хугацаанд 10,6 их наяд төгрөгийн өр үйлдвэрлэх шийдвэр гаргалаа. Энэ нь цаашид үнэ өсөх, үндэсний валютын ханш унах, валютын нөөц буурах, зээлийн хүү өсөх, зээлжих зэрэглэл буурах зэрэг олон муу үр дагавар дагуулна.

-Бензин, хоол хүнс, орон сууцны өсөлт хамгийн их байна. Цаашид энэ өсөлт хэвээр үргэлжилбэл яах вэ?

-Миний тооцоогоор оны эхний хагас жил хүртэл инфляц өснө. Тиймээс мөнгөний нийлүүлэлтийг хазаарлах нь зөв. Төрөөс өргөн хэрэглээний барааны үнийг тодорхой хэмжээнд барих хөтөлбөр яаралтай хэрэгжүүлэх ёстой гэж би харж байна.

-Санхүүгийн томоохон шинжээ­чид дэлхий даяар 2022 оны гол аюул нь ковид биш инфляц гэж харж байгаа?

-Америк, Европын томоохон зах зээл дээр ийм асуудал яригдаж байна. Дэлхийн томоохон эдийн засгийн хувьд инфляц бол анхаарал татах томоохон асуудал. Манай улсын хувьд шийдвэрлэх хэд хэдэн асуудлаа шийдчихвэл боломж бий. Хямралыг өөртөө ашигтай эргүүлсэн улс олон байгаа талаар би хэлсэн.

-Эдийн засгийн уналт, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт зэргийг төрийн зүгээс хил хаагдсантай холбож тайлбарлаад байгаа гэж та дээр хэлсэн. Инфляцын хэт өсөлт зөвхөн тээвэрлэлт зогссоноос хамаарсан байж болох уу?

-Цар тахлаас улбаатай дэлхийн улс орнууд олон төрлийн хөнгөлөлттэй арга хэмжээнүүд, мөнгөний зөөлөн бодлого авч хэрэгжүүлсэн нь инфляц өсөх үндсэн шалтгаан болсон юм. Засгийн газраас инфляцын өсөлтийг нийлүүлэлтийн шалтгаантай гэж тайлбарлаад байна. Инфляц ийнхүү өсөхөд БНХАУ-ын хилээр нэвтрэх ачаа тээврийн хязгаарлалттай холбоотойгоор импортын бараа бүтээгдэхүүний өртөг өссөн нь үнэн.

Нөгөө талаас дотоодын шатахууны үнэ өссөн нь өргөн хэрэглээний бараа, үйлчилгээ, хүнсний бүлгийн барааны үнийг нэмэгдүүлсэн. Ийнхүү нийлүүлэлтийн гаралтай, түр зуурын шинжтэй хүчин зүйлс инфляцад нөлөөлж байна гэж тайвшрах нь ноцтой байдалд хүргэж болзошгүй байна. Монголбанкныхан мөнгөний нийлүүлэлтийг огцом нэмэгдүүлж ирсэн нь инфляц нэмэгдэх үндсэн шалтгаан болсон. Засгийн газраас өрхийн орлогыг хамгаалахад чиглэсэн нийгмийн халамжийн бодлогыг үргэлжлүүлэхийн зэрэгцээ Төв банктай хамтран цар тахлын эсрэг “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлснээр зээл олголтыг нэмэгдүүлж байгаа нь сайшаалтай. Гэвч мөнгөний нийлүүлэлтийг ингэж гаргуунд нь хаях аваас инфляц цаашдаа гэрлийн хурдаар өснө.

-2022 онд манай улсын эдийн засгийн төлөв ямар байх бол?

-Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг шалгах хамгийн хүнд он жил байх болно. Дэлхийн зах зээл дээрх уул, уурхайн эрдэс бүтээгдэхүүний үнэ өсөж, эрэлт нэмэгдсэн хэдий ч КОВИД-19 цар тахлын нөлөөгөөр хилийн боомтууд дээр хүндрэл үүсэж, түүхий эдийн экспортыг гацаасан нь эдийн засгийн өсөлтийн хурдыг сааруулж, жилийн эцсээрх ДНБ-ий хэмжээнд нөлөөлөх нь тодорхой байна. Засгийн газар гоё ганган уриа, лоозонгоор хөөцөлдөх бус хямрал даллах төсөв, мөнгөний буруу шийдвэрүүдээ эргэн харах, гадаад өрийн асуудлыг анхааралдаа авах, эдийн засгийн эрс шинэчлэлийн бодлого хэрэг­жүүлэх шаардлагатай байгааг 2021 оны эдийн засгийн нөхцөл байдал маш тодорхой харуулж байна.

Б.ЭНХ-УЯНГА

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Exit mobile version