Эдийн засаг

Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжсэнээр 2025 онд нэг хүнд ногдох орлого 6520 ам.доллар болно

Нийтэлсэн

Засгийн газраас өргөн барьснаар УИХ Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай тогтоолыг өнгөрсөн сард батлав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын 100 жилийн ойн хурлаар Шинэ сэргэлтийн бодлогоо анх танилцуулсан юм.

Шинэ сэргэлтийн бодлого эдийн засгийн хараат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, цар тахлын улмаас эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөг бууруулах, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг цаг алдалгүй шийдвэрлэх зорилготой.

Мөн “Алсын хараа-2050” урт хугацааны бодлогын суурийг бүрдүүлэх, дэд бүтэц, төрийн бүтээмжийг сайжруулах зорилтуудыг багтаажээ.

Энэ бодлогыг боловсруулан батлуулсан ажлын хэсгийг Ерөнхий сайдын ахлах зөвлөх Э.Болормаа ахалж, бүх яамд, Хөгжлийн банкны удирдлагууд ажлын хэсэгт багтан таван сар ажилласан байна. Тэд сэтгүүлчдэд Шинэ сэргэлтийн бодлогыг танилцуулсан юм.

ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО ХЭРЭГЖСЭНЭЭР

Төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй түншлэлд тулгуурлан, эдийн засгийн жилийн дундаж өсөлт зургаан хувьд хүргэнэ.
Нэг хүнд ногдох үйлдвэрлэл гурав дахин өсөж, 2025 онд нэг хүнд ногдох орлого 6520 ам.доллар болно.
Ажиллах хүчний оролцооны түвшин 65 хувь, дундаж ба түүнээс дээш давхаргын иргэдийн эзлэх хувь 13 хувиар өсөж, 85 хувь болно.
Боомтын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, экспортлох бүтээгдэхүүний хэмжээ хоёр дахин өснө.
Эрчим хүчний чадал 2.5 дахин нэмэгдэж, томоохон төслүүд хэрэгжих суурь бүрдэнэ.
2025 он гэхэд 285 мянган ажлын байр шинээр нэмэгдэж, Улаанбаатарыг зорьсон их нүүдэл багасаж, орон нутагт өндөр цалинтай ажлын байр бий болно.
Дотоодын нийт бүтээгдэхүүн буюу эдийн засгийн хэмжээ хоёр дахин томорно гэж тооцоолжээ.
Эдгээр үр дүнд хүрэхийн тулд боомтууд, эрчим хүч, аж үйлдвэржилт, нийслэлийн замын түгжрэл, ногоон хөгжил, төрийн бүтээмжид төвлөрнө гэв. Ажлын хэсгийн гишүүдийн сэтгүүлчдийн асуултад хариулсныг хүргэе.

-Арван их наядын хөтөлбөр үргэлжилж байна. Энэ хөтөлбөр бүрэн хэрэгжиж дуусаагүй, үр дүн гарч эхлээгүй байхад дараагийн бодлогыг хэрэгжүүлэх ямар үндэслэл байсан бэ?
-Манай улсад эдийн засгийн тусгайлсан бодлого байдаггүй. Бид анх дундаж давхаргыг хэрхэн тэлэх вэ гэсэн судалгааг эхлүүлж, явсаар Шинэ сэргэлтийн бодлого болсон. Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа аврах арван их наяд төгрөгийн хөтөлбөр гурван жил, Шинэ сэргэлтийн бодлого арван жил үргэлжилнэ.

Энэ удаагийн баримт бичиг ковидын үед боловсруулсан гэдгээрээ өмнөх бодлогуудаас ялгаатай. Мөн суурь асуудлуудад илүү төвлөрсөн. Улс орлогоо өсгөсний дараа боловсрол, эрүүл мэнд гэх мэт суурь асуудлуудаа шийдвэрлэх чадамжтай болно.

Төсвийн тогтвортой байдлын хуульд заасан өрийн таазандаа хүрээгүй байгаа ч төрөөс бүх төслийг санхүүжүүлэх боломжгүй. Иймд хувийн хэвшилтэй хамтарна.

Ажилгүйдлийг мөчлөгийн болон бүтцийн гэж хоёр ангилдаг. Хямралын үед мөчлөгийн буюу түр зуурын хугацаатай ажилгүйдэл өсдөг. Харин бүтцийн ажилгүйдэл гэдэг нь урт хугацаагаар ажил хайгаагүй, ажилгүй атлаа ажил хайдаггүй, би ажилгүй шүү гэдгээ бүртгүүлэхгүй байхыг хэлдэг. Энэ их аюултай. Арван их наядын хөтөлбөрийн хүрээнд ажлын байр хадгалах 3 хувийн зээл олгосноор мөчлөгийн ажилгүйдлийг зогсоосон.

-“Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд эхний ээлжид 57, бүрэн хэрэгжүүлэхэд 100-120 орчим их наяд төгрөг шаардлагатай. Манай улсын нийт өр анхаарал татах хэмжээнд хүрсэн тул санхүүжилтээ хэрхэн босгох вэ?
-2023 болон 2024 оны улсын төсвөөс зарим төслийг санхүүжүүлнэ. Хэдий бид Төсвийн тогтвортой байдлын хуульд заасан өрийн таазандаа хүрээгүй байгаа ч төрөөс бүх төслийг санхүүжүүлэх боломжгүй. Иймд хувийн хэвшилтэй хамтарна. Бонд босгохгүй. Санхүүжилтэд төр аль болох бага оролцоно.

57 их наяд төгрөг бол их дүн. Гэхдээ санхүүжилтэд хязгаарлагдалгүй ажиллах шаардлагатай. Хөрөнгө оруулагчдад одооноос цаашид юу хийх тухайгаа мэдээлж байх хэрэгтэй. Хувийн хэвшилтэй хамтрахдаа барих-шилжүүлэх нөхцөл бүхий гэрээ байгуулахгүй. Барих-ашиглах-шилжүүлэх зарчмаар хамтарч ажиллана.

-Хувийн хэвшил ашигтай төсөлд л хөрөнгө оруулна. Тэднийг татах ямар таатай саналыг тавих вэ?
-Эхний ээлжид төр тэдний ажилд саад бололгүй, тусгай зөвшөөрөл гэх мэт бичиг цаас бага нэхдэг болж, хүнд суртлыг бууруулна. Иймд гурван жилийн хугацаанд төрөөс хийдэг хяналт шалгалтыг зогсоох шийдвэр гаргасан. Төр нийт 950 зөвшөөрөл олгож байгааг бууруулна. Зарим судалгаагаар 1400 зөвшөөрөл олгодог юм байна. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг баталснаар энэ тоог 350 болгоно. Цаашид тусгай зөвшөөрөл олгох шат дамжлага ил тод болж, бизнесийн таатай орчин бүрдэх учиртай.

Мөн Татварын таван хуульд, Газрын багц хуульд тодотгол хийнэ.

Бизнес эрхлэгчдэд тулгардаг нэг асуудал нь шүүхийн шийдвэр биелдэггүй, шүүхэд маргаан шийдэх хугацаа урт байна. 15 сая төгрөгийн маргааныг шийдэх гэж дунджаар 1.5 жил зарцуулдаг. Шүүхийн шийдвэр гарахад зарим маргаан ач холбогдлоо алдсан байдаг. Бизнесийн хурдыг шүүх гүйцэхгүй байгаа тул бизнесийн маргаанаар дагнасан шүүгчидтэй болох нь зөв. Аль нэг компани санхүүгийн бэрхшээлтэй тулгарлаа гэхэд бага дээр нь шийддэггүй. Дампуурсны дараа л олж мэддэг, шүүхэд ханддаг. Монголд компани байгуулах амархан ч дампууруулах хэцүү.

Хүүхдийн эрхийн хэрэгжилт, төрийн байгууллагуудад төр хатуу хяналт тавих нь зөв. Бүх зүйл хяналтаас гарлаа гэж ойлгож болохгүй.

Төрийн хяналтыг бууруулахын тулд эхний ээлжид Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд хорио цээр, эрүүл ахуй, чанарын тохирлын хяналт, шалгалт хийх чиг үүргийг гаалийн байгууллагад шилжүүлсэн. МХЕГ жилд 9000 орчим шалгалт хийхээр төлөвлөж, 6000 орчмыг хийдэг. Гэхдээ Монголбанк, гааль, Санхүүгийн зохицуулах хороо хяналт шалгалтаа цаашид үргэлжлүүлнэ. Хүүхдийн эрхийн хэрэгжилт, төрийн байгууллагуудад төр хатуу хяналт тавих нь зөв. Бүх зүйл хяналтаас гарлаа гэж ойлгож болохгүй.

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталснаар бизнест ээлтэй орчин бүрдэнэ.

-Энэ бодлогын дагуу хамгийн түрүүнд хийх ажил нь юу вэ. ТЭЗҮ нь батлагдсан ямар төсөл байна вэ?
-Одоогоор манай улсын боомтуудын хүчин чадал жилийн 50-60 тонн ачаа байна. 46 боомтоос арваад нь л идэвхтэй ажилладаг. Эдгээрээс 2-3 боомт худалдааны дийлэнхийг хийхэд гол ачааг үүрдэг. Боомтын хүчин чадлыг нэмэхээр АХБ, БНХАУ-ын дэмжлэгээр хоёр төсөл хэрэгжлээ. Сангийн яам ирэх сарын 10-ны дотор арван боомтыг хөгжүүлэх төлөвлөгөө гаргана.

Гашуун сухайтад чингэлэг тээврийг нэвтрүүлж, одоо Шивээ хүрэнд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр тус боомтын хүчин чадал жилийн 13-аас 25 сая тонн болно. Гашуун сухайт боомтын хүчин чадал 20 саяд тулсныг 30 сая ам.долларт хүргэнэ. Бичигтийн боомт далайд илүү ойр тул бид энэ боомтод анхаарна. Шинэ сэргэлтийн бодлого хэдий арван жил үргэлжлэх ч бүтээн байгуулалт эхний таван жилд дуусна.

Эрчим хүчний салбарт гэвэл ТЭЦ2-ыг хий болгох, Амгалан, Багануурын станцуудыг өргөтгөх ажлуудыг ойрын хугацаанд эхлүүлнэ.

Бичигтийн боомт далайд илүү ойр тул бид энэ боомтод анхаарна.

-Төрийн бүтээмжийг хэрхэн нэмэх вэ?
-Зарим хүн төрийн албан хаагчдын тоонд их ач холбогдол өгч, шүүмжилдэг. Төрийн албан хаагчдын тоог бууруулснаар төрийн үйлчилгээний чанар сайжрах уу? Эдгээрийн хооронд хамаарал байна уу гэдгийг судлах хэрэгтэй. Хүн амын тоо өсөж байгаа тул эрүүл мэнд, боловсролын салбарт ажиллагсад, цагдаа, хорооны ажилтны тоо цаашид ч өснө. Төрд ажиллагсдын тоог өсгөхгүй гээд барьчихвал төрийн үйлчилгээ доголдох эрсдэлтэй.

Энэ онд төрийн албан хаагчдад олгох нийт цалин 1.5 их наяд төгрөг байна. Улсын төсвийн нийт зардал 18 их наяд төгрөг. Манай төрийн албан хаагчдын цалин бусад улсын дунджаас доогуур байдаг. Бодлогын түвшинд төрийн алба данхайгаагүй. Харин төрийн өмчит компаниудын ажиллагсад ихээхэн өссөн. Цаашид тоонд биш бүтээмжид нь анхаарна.

-Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд ямар саад тулгарахаар байна вэ. Жишээ нь улс төрийн эрсдэл бий юу. 2024 оны сонгуулийн дараа энэ бодлого цаасан дээр үлдчих юм биш биз?
-Бид УИХ-аар батлуулахаас өмнө хувийн хэвшлийнхэнтэй хэд хэдэн хэлэлцүүлэг зохион байгуулж, нийт 600 орчим санал цуглуулсан. Төр, хувийн хэвшлийн хооронд зөвшилцсөний дараа баримт бичгээ батлуулсан юм. Мөн УИХ-ын тогтоол болсон тул дараагийн Засгийн газрууд Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай УИХ-ын тогтоолд хавсаргасан, энэ бодлогын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлэх үүрэгтэй. УИХ-ын тогтоолыг энэ сарын 01-нээс дагаж мөрдөж эхэлсэн. Нийт 99 үйл ажиллагаа багтсан.

Томоохон төслүүд амжилтад хүрээгүй нэг шалтгааны нь тухайн төслийг хэн хэрэгжүүлэх нь тодорхойгүй үлдсэнтэй холбоотой байдаг. Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Хөгжлийн банк манлайлж ажиллана. Гаднаас зөвлөх үйлчилгээний баг ажиллуулаад ч үр дүнд хүрэхгүй байх эрсдэлтэй. Иймд бодлогын хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий шинэ бүтцийг Ерөнхий сайдын дэргэд байгуулна. Яваандаа энэ бүтэц Эдийн засаг, хөгжлийн яам руу шилжих юм.

Өмнө нь цаасан дээр сайн судалгаа хийж, бодлогоо баталсан ч хэрэгжээгүй бас нэг шалтгаан нь төсвийн төлөвлөлт нь хөгжлийн бодлоготойгоо уялдаагүй. Эдгээр алдааг давтахгүйн төлөө ажиллана. Манай улс нийт 500 орчим бодлогын баримт бичгүүд гаргасан. 1990-ээд онд баталсан, одоо ач холбогдлоо алдсан зарим баримтыг хүчингүй болголоо. Ер нь Шинэ сэргэлтийн бодлогыг Монгол Улсын хөгжлийн нэг цонхны бодлого гэж ойлгож болно. Засаглалд ч шинэчлэл авчирна гэж үзэж байна.

Exit mobile version