Нийгэм

Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг албан тушаалаас нь огцруулж, З.Болдбаатарын цалинг 6 сараар хасав

Нийтэлсэн

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Шүүгчдийн сахилгын хороо өнөөдөр хуралдав. Хурлаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч З.Болдбаатар, Х.Идэр, Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар нарын асуудлыг хаалттай хэлэлцэв.

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Шүүгчдийн сахилгын хорооноос гаргасан шийдвэрийн талаар Шүүхийн сахилгын хорооны гишүүн Х.Хашбаатар мэдээллээ. Тэрбээр “Х.Идэр, Д.Отгонбаатар, З.Болдбаатар нарыг

Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуулийн
1.18 шүүгч нь хэргийн оролцогч болон бусад этгээдтэй харилцахдаа шүүхийн нэр хүнд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлж болохгүй
Шүүгчийн ёсзүйн дүрмийн:
1.3 шүүгч нь мэргэжлийн нэр хүндээ эрхэмлэх зарчмыг зөрчсөн
2.3 шүүгч нь зохисгүй байдал гаргаж болохгүй бөгөөд бусдад ийнхүү ойлгогдохоос зайлсхийнэ гэснийг зөрчсөн болох нь тогтоогдож байх тул нотлох дүгнэлтийг бүхэлд нь хүлээн авч, шүүгч нарт сахилгын шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Харин шүүгч нарын зөрчлийн хэр хэмжээг харгалзан үзэж сахилгын шийтгэлийг ялгамжтай оноохоор шийдвэрлэлээ.

  • Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар нарт шүүгчийн албан тушаалаас огцруулах сахилгын шийтгэл
  • Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатарт зургаан сарын хугацаагаар 30 хувь цалинг бууруулах сахилгын шийтгэл оногдууллаа” гэв

Эргэн сануулахад эдгээр шүүгчийн лифтний бичлэг өнгөрсөн онд ил болсон.

Exit mobile version