Дэлхий

Тайланд ирэх сарын 1-нээс вакцинд хамрагдсан жуулчдыг тусгаарлахгүй

Нийтэлсэн

Тайландын эрх баригчид хоёрдугаар сарын 1-нээс эхлэн “Test & Go” аялал жуулчлалын хөтөлбөр хэрэгжүүлж, коронавирусний эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан жуулчныг тусгаарлахгүйгээр нэвтрүүлэхээр болжээ.

“Test & Go” хөтөлбөрийн бүртгэл 2022 оны хоёрдугаар сарын 1-нээс дахин үргэлжилнэ” гэж Гадаад хэргийн яамны хэвлэл мэдээллийн албаны дарга Марати Налита Андамо хэллээ. Тэрээр “Бүх улс орны жуулчид энэ схемийн дагуу өргөдөл гаргаж болно” гэжээ.

Марати Налита Андамо онгоцонд суухын өмнө өгсөн шинжилгээний хариу сөрөг гарсан байх шаардлагатайг хэлсэн байна. Мөн Тайландад очсон өдөр болон тав дахь өдөр нь PCR-ын нийт хоёр шинжилгээ өгөх шаардлагатай гэв. Жуулчид зочид буудлын захиалга өгөхөөс гадна PCR-ын шинжилгээний төлбөрөө урьдчилж төлөх ёстой юм байна.

69.8 сая хүн амтай Тайланд улсад 2020 оны нэгдүгээр сарын 13-нд коронавирусний халдварын анхны тохиолдол илэрсэн. Тус улсын Эрүүл мэндийн яамнаас пүрэв гарагт л гэхэд 8.1 мянган хүнээс халдвар илэрч, 19 хүн нас барсан тухай мэдээлэв. Өнөөдрийг хүртэл Тайландад нийт 2.35 сая хүн халдвар авсан нь батлагдаж, 21.9 мянган хүн нас баржээ.

Улсын хэмжээнд 47.8 сая гаруй хүн вакцинд бүрэн хамрагдаад байна.

Эх сурвалж: ТАСС

Exit mobile version