Дэлхий

Байгалийн гамшгийн дараа анх удаа Тонгад тусламжийн ачаа тээвэрлэсэн нисэх онгоцнууд газарджээ

Нийтэлсэн

Өчигдөр буюу Пүрэв гарагт тусламжийн ачаа тээвэрлэсэн нисэх онгоцнууд байгалийн гамшгийн дараа анх удаа Тонга улсын нийслэлд газарджээ.

Тус арал улс нэгдүгээр сарын 15-ны өдөр далай доорх галт уулын дэлбэрэлт, түүнээс үүссэн цунамид хүчтэй нэрвэгдэж, ихээхэн хохирол амссан юм.

Тусламжийн ачааг Австрали, Шинэ Зеландын цэргийн нисэх онгоцнууд тээвэрлэн Тонгагийн олон улсын нисэх буудалд газарджээ.

Гамшгийн дараа нийслэл Нукуалофа хотын олон улсын нисэх буудлын хөөрөх, газардах зурвас галт уулын зузаан үнс нурманд дарагдаад байсан юм. Сүүлийн өдрүүдэд ажилчид зурвасыг гараар цэвэрлэсний үр дүнд онгоц газардах боломжтой болсон байна.

Онгоцнууд цэвэр ус, цахилгаан үүсгүүр, харилцаа холбооны тоног төхөөрөмжүүдийг Тонгагийн засгийн газарт хүлээлгэж өгчээ.

Ингэхдээ ямар ч контакт үүсгэлгүйгээр ачаа барааг хүлээлгэж өгсөн байна. Тонга улс нь коронавирусийн цар тахалд бараг нэрвэгдээгүй дэлхийн цөөхөн улсуудын нэг юм. Өнгөрсөн оны сүүлээр тус улсад коронавирусийн халдварын анхны бөгөөд цорын ганц тохиолдол бүртгэгдэж байжээ.

Тиймээс байгалийн гамшгаас гадна цар тахлын гамшиг дэгдээхгүй байх үүднээс гадаад ертөнцөөс ирж буй хүмүүстэй ойр харилцахгүй байхаар зохицуулсан байна.

Одоогийн байдлаар Тонгагийн 100 гаруй мянган хүн амын зорилтот бүлгийн 80 хувь нь вакцинжуулалтад хамрагдаад байгаа гэнэ.

Тонга улсыг гадаад ертөнцтэй холбодог далай доогуур татсан шилэн кабел гэмтсэн тул 170 орчим арлаас бүрддэг тус улс гамшгийн хор хохирлыг гаргаж чадахгүй байгаа. Тонгагийн холболтыг хариуцдаг Digicel компани ирэх долоо хоногийн Лхагва гарагт олон улсын ярианы үйлчилгээг сэргээх төлөвлөгөөтэй ажиллаж байгаагаа мэдээлжээ. Харилцаа холбооны үйлчилгээнүүд бүрэн сэргэхэд дахиад хэдэн өдрийн ажил шаардлагатай юм байна.

Эх сурвалж: CNN

Exit mobile version