Дэлхий

Украины асуудлаар Жо Байдены хэлсэн үгийг Зеленский шүүмжлэв

Нийтэлсэн

Лхагва гарагт Цагаан ордонд засаг захиргааныхаа эхний нэг жилийн хугацаанд хийсэн ажлын талаар хэвлэлийн хурал зохион байгуулахдаа АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден нэгэн эргэлзээтэй мэдэгдэл хийсэн юм.

Тэрбээр Украин улсыг эзлэн түрэмгийлбэл Орос улсын эсрэг ямар хариу арга хэмжээ авахаа энэ үеэр хэлжээ.

Байден хэдийгээр ОХУ-ын зүгээс Украиныг эзлэн түрэмгийлбэл хатуу арга хэмжээ авахаа илэрхийлсэн ч хариу арга хэмжээний далайц нь Оросын тал ямар хэмжээний цэргийн ажиллагаа явуулахаас хамаарна гэж мэдэгдсэн юм.

Өөрөөр хэлбэл бага хэмжээний түрэмгийлэл үйлдвэл АНУ болон түүний холбоотнуудаас Москвагийн эрх баригчдад харьцангуй зөөлөн шийтгэл оноох тухай ярьжээ.

Түүний хэлсэн үг тэр дороо олон улсын хүрээнд маргаан дэгдээсэн юм.

Тухайлбал Украины ерөнхийлөгч Володимир Зеленский “Жижиг хэмжээний түрэмгийлэл гэж байхгүй. Хайртай дотнын хүмүүсээ алдчихаад бага гашуудах тухай ойлголт байдаггүй шиг” гэж твиттер хуудсандаа бичжээ.

Пүрэв гарагт Байден өөрөө болон АНУ-ын бусад албан тушаалтнууд “жижиг түрэмгийлэл”-ийн талаар залруулга хийсэн юм.

Тухайлбал Байден Оросын цэрэг Украинд халдсан ямар ч тохиолдлыг түрэмгийлэлд тооцохоо мэдэгджээ. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен “Бид энэ асуудал дээр маш тодорхой байр суурьтай байгаа. Оросын талаас Украинд халдсан ямар ч тохиолдолд АНУ болон түүний холбоотнууд хатуу, эрс шийдэмгий, нэгдсэн хариу арга хэмжээ авах болно” гэж мэдэгдсэн байна.

ОХУ-ын эрх баригчид Украины хилийн орчимд 100,000 орчим цэрэг хуримтлуулж, байлдааны бэлтгэл сургуулилалт зохион байгуулсаар байгаа. Тус улсын ерөнхийлөгч Владимир Путин умард Атлантын цэргийн эвслийг цаашид өргөжүүлэхээ зогсоох,1997 оноос хойш тус байгууллагад элссэн хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан орнуудаас цэргээ гаргахыг өрнөдөөс шаардаж байгаа юм.

Харин АНУ тэргүүтэй өрнөдийн орнууд NATO-гийн өргөжилтийг зогсоох боломжгүй, тусгаар улсууд ямар байгууллагад элсэхээ ОХУ-аар заалгах ёсгүй гэсэн хатуу байр суурьтай байна.

Лхагва гарагт үг хэлэхдээ Жо Байден ОХУ-ын ерөнхийлөгчтэй гурав дахь удаагаа уулзаж, хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр өнгөрсөн онд Владимир Путинтэй хоёр удаа уулзаж байв.

Эх сурвалж: BBC

Exit mobile version