Энтертайнмент
Олимпын галт бамбарын буухиа Бээжинд ирэх сарын 2-4-нд аялна
Бээжин-2022 Олимпын наадмын галт бамбарын буухиа хоёрдугаар сарын 2-4-ны хооронд Бээжин хотноо болно гэж Хятадын төв телевиз мэдээлжээ.
Галт бамбарын буухиаг олимпын наадмын тэмцээнүүд болох Бээжин, нийслэлийн Яньцин дүүрэг болон Хэбэй мужийн Жанчхүү хотод аялуулах гэнэ. Бээжинд дөрвөн бүс, Яньцинд хоёр, Жанчхүүд таван бүсэд галт бамбарыг дамжуулан буухиалах аж.
Галт бамбарын буухиа хоёрдугаар сарын 2-ны өдөр Бээжин хотод ёслол төгөлдөр эхэлж, 3-нд Яньцин дүүрэгт үргэлжлэхдээ Хятадын Цагаан хэрэмний Бадалин хаалга хүрч, ”International Grape Exhibition Garden” үзэсгэлэнгийн цогцолбороор аялах гэнэ. Мөн өдрийн хоёр дахь хагаст олимпын гал Жанчхүү хотод ирж, Аж үйлдвэр, соёлын парк, Цагаан хэрэмний Дажинмэнь хаалга хүрнэ. Хоёрдугаар сарын 4-нд олимпын бамбарыг Бээжинд буцаан залж, эзэн хааны зуны ордон, олимпын парк, “Grand Canal” цэцэрлэгт хүрээлэнгээр буухиална.
Олимпын галт бамбарын буухианд 50 тамирчин оролцох гэнэ.
Бээжингийн өвлийн олимпын галыг өнгөрсөн оны аравдугаар сарын 20-нд Грекийн Афин хотоос Хятадын нийслэлд авчирсан билээ.
Бээжингийн өвлийн XXIV олимпын их наадам 2022 оны хоёрдугаар сарын 4-20-ны хооронд, паралимпын наадам гуравдугаар сарын 4-13-ны хооронд болох юм. Бээжин хот зуны болон өвлийн олимпын наадмыг хүлээн авсан дэлхийн анхны хот болж байна.