Улс төр
Ардчилсан намынхан эрх баригчдыг шүүмжлэв
С.Эрдэнийн тэргүүлдэг Ардчилсан намаас пүрэв гаригт (2022.01.20) цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Мэдээллийнхээ үеэр цар тахлын үеийн төсвийн санхүүжилт үр ашиггүй байгааг дурдаад хүүхдийн мөнгийг зогсоох гэж байгааг эсэргүүцэн, Улаанбаатарын утааны асуудлыг шийдэх ёстой талаар хэлсэн юм.
Сөрөг хүчний намын дарга С.Эрдэнэ хүүхдийн мөнгийг зогсоовол тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх боломжтой гэж хэлсэн Сангийн сайдын үгэнд иргэд бухимдалтай байна гэдгийг онцлоод хүүхдийн мөнгө халамжийн мөнгө биш. Ирээдүйд оруулж буй хөрөнгө оруулалт. Гэтэл эрх баригчид болиулахын тулд тэтгэвэр, тэтгэмжийг хүүхдийн мөнгөтэй холбож байгаад Ардчилсан нам эсрэг байр суурьтай байна гэв.
Түүнчлэн ардчиллын “Алтан хараацай” гэгддэг Э.Бат-Үүлийг ялласан шүүхийн анхан шатны тогтоол албажиж ирээгүй. Тогтоол хэрхэн гарахаас шалтгаалан гэм буруу нь тогтоогдсон уу, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь яасан бэ зэргийг уг тогтоолоос хармаар байна гэдгийг хэллээ.
Харин тус намын Хууль эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү “Ардчилсан намын нэр угшилтай хүмүүс хэрэгт холбогдвол бид өмөөрөхгүй, хуулийн байгууллагад шалгуулъя гэж байгаа. Хоёрдугаарт, хонгилын асуудал байсаар байна. Үзэл санааны хоригдол болоод буй М.Энхсайхан тэргүүтэй хүмүүсийг зарлаж, олон улсын байгууллагад хандсан. Э.Бат-Үүл даргын хэрэгт намын зүгээс тайван хандсан. Нэгдүгээрт, асуудал нь тендер биш юм байна, газрын үнэлгээтэй холбоотой юм байна гэж үзсэн. Шүүх шударга шийдээсэй гэж бид хүлээсэн. Гэтэл шийдэхгүй удлаа. С.Зоригийг алсан юм шиг гүтгэн гуйвуулж, үр хүүхдэдээ тендер авч өгсөн гэх суртал ухуулга хийсэн.
Хуулийн байгууллага үнэнийг нотлох баримтын үндсэн дээр шийдэх байх гэж бид хүлээсэн. Гэвч хөөн хэлэлцэх хугацаа нь дууссаны дараа ял шийтгэл өгсөн байна. Эрх баригчид хөөн хэлэлцэх хугацааны хуулийг баталж, өөрсдөө хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэх шалтгаанаар хэргээ хаалгасан. Иймээс бид холбогдох хүмүүст албан тоот хүргүүлсэн. Хуулийн байгууллага шударга ажиллана гэж итгэж байна” гэлээ.
Ардчилсан намын нарийн бичгийн дарга А.Цэрэнбат “Ардчилсан нам гэр хорооллын дахин төлөвлөлтийн ачаар л утаанаас сална гэж байсан. IV цахилгаан станц, Амгалангийн дулааны станцыг барьж, чадлыг нь нэмэгдүүлсэн. “Буянт Ухаа-1, 2”, “Хангай” хотхоныг барьсан. Энэ ажлыг эхлүүлсэн Э.Бат-Үүлийг хорьсон. Сүүлийн гурван Засаг дарга утаатай холбоотой яг юу хийсэн юм бэ. Одоогийн Засгийн газарт эрчимтэй хийж байгаа нэг ч ажил байхгүй. Энэ ажлуудыг хийж байсан бүх хүмүүсийг хорьсон” гэж байв.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН