Дэлхий

Сөүл хот 2022 онд хүүхэдтэй болсон гэр бүлүүдэд $1,600-ын купон олгож эхэлжээ

Нийтэлсэн

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын захиргаа 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш хүүхэдтэй болсон гэр бүлүүдэд 2 сая воны ($1,650) купон тарааж эхэлжээ.

Эцэг эхчүүд купоноо 2022 оныг дуустал онлайн үйлчилгээ ашиглаж, эсвэл орон нутгийн захиргаанд биеэр очиж бэлэн мөнгө болгох боломжтой юм байна.

Сүүлийн үед Өмнөд Солонгосын эрх баригчид хүн амын бууралттай тэмцэх ажлын хүрээнд хүүхэд төрүүлэхийг дэмжсэн олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард тус улсын Эрүүл Мэндийн Үндэсний Даатгалын Алба шинэ ээжүүдэд $837, ихэр хүүхэд төрүүлсэн ээжүүдэд $1,172-той тэнцэх бэлэн мөнгө олгож эхэлсэн юм.

Өмнөд Солонгосын хүн амын төрөлтийн хувь хэмжээ 2020 онд 0.84 хүрсэн нь түүхэн доод хэмжээ болжээ. Хүн ам ид өсөж байсан 1960-аад оны үед энэ хэмжээ 6 хүрдэг байсан юм. Энэ үзүүлэлт нь тухайн улсын эмэгтэйчүүдийн амьдралынхаа турш төрүүлэх хүүхдийн дундаж тоог харуулдаг.

Эдийн засгийн дарамтын улмаас хосууд хүүхэдтэй болохоос зайлсхийдэг болсон нь үүнд нөлөөлж байна. Хүүхдийн тоо цөөрснөөс тус улсад олон зуун дунд сургуулиуд эзгүйрч, ашиглалтгүй хаягдах болсныг эх сурвалжууд өмнө нь мэдээлж байжээ.

Эх сурвалж: Business Insider

Exit mobile version