Энтертайнмент

Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн илгээсэн маргаантай арлын зураг бүхий бэлгийг Японы элчин сайд буцаажээ

Нийтэлсэн

Сарны тооллын шинэ жилийн баярыг угтуулан Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин өөрийн гарын бэлгийг тус улсад суудаг гадаадын элчин сайд нарт саяхан илгээжээ.

Тэгвэл Сөүл хотод суудаг Япон улсын элчин сайд уг бэлгийг хүлээж авахаас татгалзаж, буцаасан тухай Бямба гарагт Японы хэвлэлүүд мэдээлсэн байна.

Солонгосын уламжлалт дарс болон бусад эд зүйлсийг хийсэн бэлгийн хайрцгийн гадна талд Докдо арлыг дүрсэлсэн нь ингэхэд хүргэсэн байна. Докдо бол Өмнөд Солонгос, Япон улсуудын дунд тэнгист орших хос хадан цохионоос бүрддэг жижиг арал юм.

Уг арлын харьяаллын асуудал хоёр улсын дунд газар нутгийн маргааны сэдэв болдог.

Докдо арал нь шинэ оны нар хамгийн түрүүнд тусдаг Өмнөд Солонгосын газар нутаг тул сар шинийн бэлгийн хайрцаг дээр дүрсэлсэн гэж Сөүлийн албаныхан тайлбарласан байна.

Бэлгийг буцаасан Япон улсын элчин сайдын яам Баасан гарагт Өмнөд Солонгосын талд эсэргүүцэл илэрхийлж, Докдо арал өөрийнх нь газар нутаг болохыг дахин илэрхийлжээ.

Солонгосчуудын нэрлэдгээр Зүүн тэнгис, япончуудын нэрлэдгээр Япон тэнгист орших Докдо (японоор Такешима) арлыг 1945 оноос хойш Өмнөд Солонгосын засгийн газар хяналтдаа байлгаж, харуулын цэг байрлуулах болсон байна.

Эх сурвалж: Yonhap News

Exit mobile version