Улаанбаатар

“Монгол хүнс-Монгол бараа” арга хэмжээг Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулж байна

Нийтэлсэн

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мал эмнэлгийн газар хамтран “Монгол хүнс-Монгол бараа” арга хэмжээг Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулж байна. Тодруулбал, нэгдүгээр сарын 20-30-ны өдрүүдэд 18 аймгийн малчид, худалдаачид сүү, цагаан идээ, мах, махан бүтээгдэхүүн, арьс, шир, ноос, ноолууран бүтээгдэхүүн  болон бэлэг дурсгалын зүйлсийг худалдаалж эхэллээ. “Монгол хүнс Монгол бараа” арга хэмжээнд 60 гаруй малчин, худалдаачин оролцож байгаа бөгөөд зах зээлийн үнээс хямд үнээр иргэд, худалдан авагчдад бүтээгдэхүүнээ санал болгож байгаа юм.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны газрын дарга Б.Алтансүх “Жижиг, дунд бизнес эрхлэгч, малчдыг дэмжих, худалдаа, үйлчилгээ эрхлэх боломж нөхцөлийг хангах зорилгоор шаардлагатай асрыг бэлтгэн, ямар нэг төлбөр, түрээс шаардахгүйгээр уг арга хэмжээг зохион байгуулж байна. Нийслэлийн Мал эмнэлгийн газраас хүнсний бүтээгдэхүүн тэр дундаа малын гаралтай бүтээгдэхүүнээс гарал үүслийн бичиг шаардаж, шаардлагатай шинжилгээг хийж байгаа. Харин Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч нар тогтмол хяналт тавин ажиллаж байна” гэв.

Нийслэлийн Мал эмнэлгийн газрын шинжээч эмч Д.Шинэбаяр “Мах махан бүтээгдэхүүнд шинжилгээ хийхдээ өвчтэй болон үхсэн малын махны шинжилгээ, антибиотикийн үлдэгдлийн шинжилгээг хийж байгаа. Харин цагаан идээнд мэдрэхүйн шинжилгээ, болон хольцын шинжилгээ хийж байна. Шинжилгээний хариу 15-30 минутын дотор гарах бөгөөд иргэд хүсвэл өөрсдийн худалдан авах гэж буй мах, махан бүтээгдэхүүнийхээ дээжийг өгөн, үнэ төлбөргүй шинжлүүлэх боломжтой” гэлээ.

Зохион байгуулагчдын зүгээс цар тахлын нөхцөл байдлыг тооцоолон, задгай талбайд тус арга хэмжээг зохион байгуулж байгаа бөгөөд автомашины зогсоол болон орц, гарц сайтай байдлыг нь тооцоолон Төв цэнгэлдэх хүрээлэнг сонгосон байна.

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Exit mobile version