Энтертайнмент

KBS телевиз амьтны эрхийг ноцтой зөрчжээ

Нийтэлсэн

KBS телевизийн бүтээл “The King Of Tears, Lee Bang Won” олон ангит түүхэн уран сайхны киноны хамт олныг амьтны эрхийг ноцтой зөрчсөн хэмээн буруутгажээ.

Тус киноны зураг авалтад оролцож байгаад гэмтэл авсан морь амьсгал хураасан ба уг нь бол зохиол дээр жүжигчин мориноосоо унах ёстой байж. Үүнийг илүү үнэмшилтэй болгохын тулд тэд морины хөлд урт уяа уяж, давхих явцад нь татаж унагасан байна.

Энэ үед морь хүзүүгээрээ эвгүй унасан бөгөөд унаж явсан жүжигчин ч мөн газар унан бэртжээ. Тус хэсгийн бичлэг цахим ертөнцөд цацагдсанаар амьтны эрхийг хамгаалах байгууллагуудын хараанд өртсөн юм.

Энэ зураг авалт өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын 2-нд болж өнгөрсөн ч тус хэрэг саяхнаас олон нийтэд ил болжээ. Бичлэг ил болсноос хойш олон нийт морины эрүүл мэндэд хэн ч санаа тавихгүй байгаа тухай дурдан, арга хэмжээ авахыг шаардаж эхэлсэн байна. Шаардлагын дагуу телевизийн хамт олон мэдэгдэл хийсэн бөгөөд үүндээ морь уг явдлаас хойш 7 хоногийн дараа амьсгал хураасан гэдгийг албан ёсоор мэдэгдэн, уучлалт гуйжээ.

Тэд цаашид ийм алдаа гаргахгүй, илүү анхааралтай ажиллах болно гэдгээ илэрхийлсэн аж. Харин амьтны эрхийг хамгаалагчид Хөх ордонд өргөдөл бичиж, 4000 гаруй хүний гарын үсгийг цуглуулаад байгаа гэнэ.

Exit mobile version